Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Бяслаг минь хааччихав аа? 3-р хэсэг

20:50 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Мөнхөд л энэ замаар тойрч гүйх юм биш биз дээ гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирлаа. Урьд өмнө явж байгаагүй хонгилоор урагш явж, булан тойрмогц бяслагийн “N” өртөөн дээр шинэхэн бяслагийг олж харав. Өртөөнд ороод тэр бүр алмайрч орхилоо. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй асар их хэмжээний бяслаг. Түүгээр ч үл барам тэнд хэд хэдэн төрлийн бяслаг байв.
Хэсэгтээ л сэрүүн байна уу, зүүдлэж байна уу гэдгээ мэдэхээ болив. Харин хуучин анд Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёрынхоо барааг харсаны дараа тодорхой мэдлээ.
Үнэрчсаарал угтан толгой дохин, Гүйдэгбор нь гараараа даллав. Хулгануудын урагш цондойсон бяцхан гэдэс тэднийг нэлээд өмнөөс энд ирж гэдгийг харуулна.
Хоом яаран сандран хариу мэндчилээд, өөрийнхөө дуртай бяслагийг бүгдийг амталж үзлээ. Биеийн тамирын шаахайгаа тайлж холбож үдээд, мөрөндөө углав.
Хоом шинэ бяслаг руу дөхөв. Гэдсээ дүүрмэгц тэрээр шинэхэн бяслагийг өргөөд “Хувирал өөрчлөлт мандтугай!!” хэмээн “хундага өргөв”. Шинэ бяслагаа идэн ийн баясахын сацуу өнөөг хүртэл сурч мэдэж авсан зүйлээ нэхэн саналаа.
Хувирал өөрчлөлтөөс айж эмээж суухдаа тэрээр хуучин бяслагийн үл гүйцэлдэх үзэлтэйгээ зууралдсаар л байжээ. Аль эрт алга болчихсон юмыг шүү дээ.
Харин юу түүнийг өөрчилж орхив оо? Бахардаж үхэх шахаж байсан санаа зовинол, түгшил гэж үү? Үнэндээ үүний л ач байлаа шүү дээ гэж Хоом бодоод инээд алдав. “Надад миний үйлдэл тэнэг мэт бодогдоод ирэнгүүт л өөрчлөгдөж эхэлсэн байх нь шүү дээ. Өөрийгөө өөрчлөгдөхөд өөрийнхөө тэнэг мангарыг шоолон инээх явдал их чухал юм байна. Тэгсэн цагт л хуучин байдлаасаа салж, урагш явж чаддаг байна шүү. Урагш давшин явахын тухайд, найз хулгануудаасаа ашигтай зүйл ихийг сурч мэдлээ. Тэдний хувьд нэг насны амьдрал гэдэг хялбархан зүйл ажээ. Болсон явдалд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийе гээд юмсыг ээдрээ төвөгтэй болгосонгүй. Нөхцөл байдал хувирч өөрчлөгдөөд, бяслаг нэг л өдөр алга болмогц өөрсдөө хувирч өөрчлөгдөн, бяслагийг эрж хайхаар одно. Түүнийг сайн санаж явъя” гэж Хоом гайхалтай уураг тархиа ашиглан бодлоо.
Өнөөг хүртэл хийж ирсэн алдаа эндүүгээ эргэцүүлэн бодоод ирээдүйнхээ төлөвлөгөөнд тусгая гэж шийджээ. Хүн гэдэг хувирал өөрчлөлтөд хандаж чаддаг болох ёстой юм байна. Энэ бол:
- Юмс үзэгдлийн голыг нь олж барьж авч, уян хатан байдлаар, хурдан түргэн хөдлөх явдал
- Асуудлыг хэт ээдрээ төвөгтэй болгодоггүй байх
- Аливааг ямагт төвөгтэй талаас нь бодож өөрийгөө алдаж болохгүй.
- Жижиг сажиг өөрчлөлтийг анзаарч байх. Тэгвэл удалгүй ирэх том өөрчлөлтөд сайн бэлдэж чадна
- Хувирал өөрчлөлтөд түргэн дасан зохицох хэрэгтэй. Оройтвол зохицож чадахгүйд хүрнэ
- Хамгийн том гай түйтгэр өөрийн чинь дотор байдаг. Өөрөө л өөрчлөгдөж чадахгүй бол аливаа зүйл сайн тийш эргэхгүй

Тэрээр ингэж бодлоо. Хамгийн чухал зүйл бол шинэ бяслагийг үргэлж хэн нэгэн, хаа нэгтээ аваад явчихдаг явдал юм. Тэр үедээ тэгж бодогддоггүй. Харин айдас хүйдсээ даван туулаад, адал явдлуудтай сонирхон тулваас түүний чимээ дуулдах аж.
Мэдээж хэрэг, айдас хүйдсийг үл тоомсорлон орхиж боломгүй үе гэж бий. Үнэхээр айдас хүйдэс заримдаа аюултай зүйлээс холдуулж өгдөг тохиолдол байдаг. Гэхдээ хувирал өөрчлөлт бол гаслан зовлон мэт харагдавч үр дүн нь тэнгэрийн хишиг байх нь хязгааргүй олон. Тэгээд бас өөрийнх нь сайн талыг мэдрүүлж өгдөг.
Хоом өөрийнхөө мэдэж авсан зүйлийг уудлан бодож, найз Хээмийнхээ тухай дурсав. Миний хаа сайгүй бичиж үлдээсэн зүйлсийг Хээм олж хараа болов уу? Хээм цөхөрч залхаад, цааш явах сэтгэлтэй болсон болов уу? Аян замд хөл тавьж, илүү сайхан амьдралд хүргэх зүйлээ олж авч чадах болов уу?
Хоом дахин бяслагийн “С” өртөө рүү очиж Хээмийг байгаа болов уу, үгүй юү гэдгийг шалгаж үзмээр санагдав. Тэнд бас дахин буцаж очоод ч, Хээм тэнд байсан ч түүнийг хэцүү орчиноос сугарч гарах арга зам бий гэдгийг түүнд сэнхрүүлж чадах болов уу? Нэг удаа түүнийг өөрчилье гэж очиж байснаа нэхэн саналаа. Тав тухтай газраасаа сугаран гарч, айдас хүйдсээ даван туулж байж л Хээм өөрөө замаа олж харахгүй бол болохгүй. Хэн ч түүний оронд ингэж хийж өгөхгүй, бас ухуулан ятгаад уг хүн өөрөө л өөрчлөгдөж хувирахын сайн талыг анзаарч ойлгохгүй бол хэн ч түүгээр аливаа зүйлийг хийлгэж чадахгүй.
Хоом Хээмийн төлөө ямагт анхааруулга үлдээж ирсэн билээ. Тэр ханан дээр бичсэн анхааруулах өгүүлбэрийг унших л юм бол урагш явж чадах юм.
Хоом өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг сайтар боловсруулан бяслагийн “N” өртөөний хамгийн өргөн ханан дээр түүний гол чухал санааг бичлээ. Түүнийгээ маш том бяслаг зурж хүрээлээд мушилзав.

• Хувирал өөрчлөлт ямагт бий болмуй (бяслагийг ямагт олж, тэр нь бас арилж алга болно)
• Хувирал өөрчлөлтийг урьдчилан төсөөлж байя (бяслаг алга болно гэдэгт бэлтгэлтэй байя)
• Хувирал өөрчлөлтийг тандан мэдэж байя (бяслагийг ямагт үнэрлэж байвал хуучирч муудсаныг анзаарч болно)
• Хувирал өөрчлөлтөд хурдан түргэн дасан зохицоё (хуучин бяслагаас аль болох хурдан залхвал, тэр хэрээр шинэ бяслагийг сонирхох болно)
• Хувирч өөрчлөгдөе (бяслагтайгаа хамт урагш давшъя)
• Хувирал өөрчлөлтийг сонирхоцгооё (адал явдлыг хангалттай амталж, шинэ бяслагийн амтыг мэдэрцгээе)
• Урагшилж, хурдан түргэн өөрчлөгдөж, дахин түүнийхээ үр шимийг үзье (бяслагийг бас дахин гартаа хийх болно)

Хоом Хээмтэй хамт бяслагийн “С” өртөөнд байсан тэр үеэ бодвол нэлээд хол явчихсан мэт бодогдож байв. Санаа амран бодож үзвэл, бодит байдал муу тийш хандах нь амархан гэдгийг ойлгож байлаа. Тэрээр одоо өдөр бүр бяслагийн “N” өртөөг нэгд нэгэнгүй нягтлан шалгаж, өөрийнхөө бяслагийн нөхцөл байдлыг нарийвчлан нягтлах болов. Урьдчилж төсөөлөмгүй хувирал өөрчлөлтөнд балмагдан гайхахгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа нь энэ.
Бяслаг маш их байсан ч Хоом үе үе бартаат замд гарч, шинэ нутаг орныг нягтлан шалгаж, хавь орчиндоо бий болж байгаа хэрэг явдлыг ямагт анхаардаг боллоо. Ямар сонголт байж болохыг мэдэж байх нь дадаж дассан газартаа түгжигдэж сууснаас хавьгүй дээр гэдгийг ойлгож байснаас тэр бизээ.
Удалгүй гадаах зам дээр ямар нэгэн юм хөдлөх чимээ сонсогдов. Чимээ улам тодорч, хэн нэгэн ойртож ирж яваа нь мэдэгдэв. Хээм маань хүрч ирэх нь энэ үү? Тэр ирж яваа юм биш биз?
Хоом амандаа залбирч байлаа. Өдий болтол өчнөөн удаа хүсэн гуйж залбирч байсан зүйл нь энэ. Эртний анд нь айсуй байгаасай билээ…

БЯСЛАГТАЙГАА ХАМТ УРАГШИЛЖ, ТҮҮНДЭЭ БАЯСАЖ ЯВЬЯ.

Төгсөв.
(Үгүй ээ, эндээс л эхэлж байж магадгүй юм.)

ЯРИА ХӨӨРӨӨ
ТЭР ОРОЙ
Майкл үлгэрээ ярьж дуусаад өрөөнд байгаа хүмүүсийг гүйлгэн харвал ангийнхан нь бүгд инээцгээж байлаа. Хэдэн хүн амандаа талархлын үг хэлж, энэ үлгэрээс их зүйлийг сурч мэдлээ гэцгээж байв. Ингээд тэд энэ орой нэг газар уулзаж хөөрөлдөцгөөхөөр болоод тарлаа.
Орой нь тэд нэгэн зочид буудлын амралтын танхимд дахин цугларч, өөр өөрсдийн “бяслагийг” олох талаар, бас өөрсдөө төөрч будилах замд хэрхэн мунгинаж байгаа тухайгаа ярилцацгаасан юм.
Анжела “За тэгвэл та нар энэ үлгэрийн хэнд нь хамаарах юм шиг байна вэ? Хээм үү, Хоом уу, Үнэрчсаарал уу, Гүйдэгбор уу?” гэж бодлогоширонгуй асуулаа.
Карлос хариулав.
- Түрүүнээс хойш би энэ тухай бодож байлаа л даа. Спортын бараа худалдах бизнес эхлэхээсээ өмнө айхтар хувирал өөрчлөлттэй тулгарч, бүдэрч унаж байснаа саналаа шүү. Миний хувьд Үнэрчсаарал лав биш. Би нөхцөл байдлаа хурдан мэдэрч чадаагүй, хувирал өөрчлөлт болоод байгааг ч анзаарах сөхөөгүй байсан. Бас Гүйдэгбор ч биш байв. Шуудхан үйлдэл хийгээгүй. Тэгээд хэн нь байсан бэ гэвэл Хээмтэй л төсөөтэй юм уу даа. Яагаад гэвэл дасч дадсан орчиндоо л байгаад байхыг бодсон хэрэг. Үнэндээ хувирал өөрчлөлтийг шийдвэрлэе гэсэнгүй шүү. Нүдээ нээхийг хүсээгүйтэй адил юм уу даа”.
Майкл Карлостой найз байсан ахлах сургуульд байх үедээ буцаж очсон мэт санаад “Чухам юу болсон юм бэ” гэж асуулаа.
Карлос “Ажил төрлийн санаанд оромгүй өөрчлөлт” гэв.
Майкл инээгээд “Хусагдчихсан уу?” гэж асуув.
-“За тэгж хэлж болох л юм байна. Шинэ бяслаг эрж хайя гэж бодоогүй хэрэг. Би ингэх учиргүй гэж боддог байлаа. Тийм болохоор тэр үед үнэхээр хэцүү байдалд унасан”.
Эхэндээ чимээгүйхэн байсан нөхөд нь удалгүй дуу шуу орж, ичиж нэрэлхэлгүй хууч хөөрцгөөж эхлэв.
Цэргийн хүн болсон Фрэнк ингэж ярьлаа “Хээмийн тухай гэснээс нэгэн найзынхаа тухай саналаа. Түүний хэсэг цомхотгогдох болсон бөгөөд тэр ганцаараа эсэргүүцсэн юм. Хамт ажиллагсад нь удалгүй өөр өөр хэсэг рүү шилжсэн. Бид түүнд өөр тийш шилжих санаа төрвөл зөндөө боломж гарна гэж ятгахыг оролдовч, тэр өөрийгөө хувирч өөрчлөгдөх хэрэгцээ ер байхгүй гэж үзсэн юм. Ерөөс тэдний хэсгийг цомхотгогдох болсонд цочирдсон хүн ганцхан тэр л байлаа. Санаанд нь багтаагүй өөрчлөлттэй дасан зохицохоор одоо ч зүдэрч суугаа шүү” гэв.
Чешка ийн хэлэв “Би ч гэсэн өөртөө тийм явдал болно чинээ бодоогүй юм. “Бяслаг” алга болсон тохиолдол нэг байтугай таарч байлаа. Ялангуяа хувийн амьдралд. Гэхдээ сүүлд нь л анзаардаг юм билээ” гэв.
Бүгд инээлдсэн ч Натан инээсэнгүй.
“Магадгүй тэр л чухал зүйл нь юм” гээд Натан “Хувирал өөрчлөлт хэнд ч ирдэг” гэв. Тэрээр үргэлжлүүлэн “манай гэрийнхэн энэ үлгэрийг мэдэж байсан бол гэж бодох юм. Харамсалтай нь манай бизнест өөрчлөлт хувирал болж байна гэдгийг хүлээн зөвшөөрье гэсэнгүй. Одоо бол хоцорсон, өчнөөн олон мухлаг дэлгүүр үүд хаалгаа барьж, дампуурахгүй гэхийн газаргүй болсон” гэлээ.
Бүгд л гайхав. Натаны бизнес сайн явж байгаа гэж тэд бодоцгоож байсан юм.
-“Юу болсон юм бэ” гэж Чешка асуулаа.
“Барааны нэр төрөл олон, бас хямдхан супермаркет гарч ирээд манайх шиг жижигхэн дэлгүүр маш хурдан хоцрогдсон. Үнэндээ яаж ч чадаагүй. Одоо бодоход бид ер нь Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёр шиг байж чадаагүй, Хээм шиг л байж дээ. Тэр газартайгаа зууралдсаар хувирч өөрчлөгдөөгүй юм. Нэгэнт бий болсон зүйлийг тоохгүй байсаар одоо зовлонтой юмтай учраад байна. Хоомоос л ганц хоёр юм сурч авдаг байж. Өөрсдийгөө шоолж, хийж байгаа зүйлээ өөрчилж чадаагүй болохоор л тэр байхдаа” гэв.
Лаура нэлээд сайн бизнес эмэгтэй бөгөөд түрүүнээс хойш юм ярилгүй, хүмүүсийн яриаг л чих тавин сонсч байлаа. Тэрээр “Би энэ үлгэрийн тухай их бодлоо. Яавал Хоом шиг болох бол? Яавал алдаж эндүүрч байгаа зүйлээ анзаарах вэ? Яавал өөрийгөө шоолж чаддаг болох вэ? Өөрсдөө өөрчлөгдөж улам сайн явахад яавал дээр вэ?” гээд үргэлжлүүлэн “Би мэдмээр байна. Хувирал өөрчлөлтөөс айж эмээж буй хүн хэчнээн байгаа бол?”
Хэн ч хариулсангүй тул тэрээр дахин “Гараа өргөөч?” гэлээ.
Нэг хүн гараа өргөв.
“Тийм байдаг юм байж. Үнэнч шударга хүн нэгээс өөр байдаггүй байжээ” гээд “Тэгвэл ингэж асуувал дээр юм байна. Өөрөөсөө өөр хүнийг хувирал өөрчлөлтөөс айж байгаа гэж бодож байгаа хүн гараа өргөе” гэхэд бүгд гараа өргөлөө. Бүгдээрээ инээлдэв.
-“Энэ юу гэсэн үг вэ?”
-“Өөрөө болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг” гэж Натан хариулав.
-“Яг тийм” гэж Майкл хэлээд “Би айж эмээгээгүй. Гэхдээ миний хамгийн сонирхож байгаа зүйл бол “хэрвээ айдас байхгүй бол ер нь юу хийх болоо?”.
Чешка яриаг нь тасалж ийн өгүүлэв.
-“Би энэ үлгэрээс олж авсан сургамж бол: Хувирал өөрчлөлт хаа сайгүй болж байдаг. Аль болох түргэн гар тосон угтаж авбал цаашдаа сайн зохицуулж чадна гэсэн ийм хоёр зүйл байна. Хэдэн жилийн өмнө юм даа, манай компани хорь гаруй боть нэвтэрхий толь бичгийг иж бүрдэл болгон худалддаг байсан юм. Нэг хүн нэвтэрхий толь бичгийн агуулгыг ганц ширхэг дискэнд багтаагаад одоогийн үнээс маш хямд үнээр худалдаалах ёстой гэдэг санал гаргалаа. Тэгвэл нэмэлт засварыг хийхэд ч төвөггүй, бас бүтээгдэхүүний өртөг ч буурч олон хүн худалдаж авах боломжтой болно гэсэн юм. Гэвч бид нар эсэргүүцсэн” гэж ярьлаа.
-“Яагаад” гэж Натан асуув...

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 48 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax