Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамжАзийн Их сургуулийн профессор Койбүчи Шиничи Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил тул тэр үеийн хоёр улсын харилцаа, Японы нөхцөл байдлын талаар эргэн дурсаж үзье. Гэхдээ энэ бол эрдэм шинжилгээний илтгэл бус, миний хувийн “сэтгэгдэл”, “дурсамж” болохоор зүйл юм. Үүнийг эхэнд нь тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу. Миний бие их сургуульд элсэн орсон нь 1963 он, Японд Монголын талаарх сонирхол бага зэрэг нэмэгдэж ирсэн үе хэдий ч Япончуудын хувьд Монгол бас л “холын ертөнц”, “мэдэгдэх төдий улс” байлаа. Өнөө үед нийгэмлэг, байгууллагууд борооны дараах мөөг шиг олон болжээ, харин тэр үед Япон-Монголын нийгэмлэг тэр байтугай, Монгол судлалын нийгэмлэг хүртэл байгаагүй юм даа. Монголын нийгэмлэгийн өмнөх дүр болсон “Тоокоокай”(Дорнын гэгээ) гэдэг дайны өмнө Өвөр Монголд амьдарч байсан хүмүүсийн жижигхэн хүрээ л байдаг байлаа. “Тоокоокай”-гийнхан уулзалт, лекц зохиолоо ч залуу хүмүүс бараг ирдэггүй байсан. Бүтэн жилдээ Японд ирдэг монгол хүний тоо гарын 10 хуруунд багтдаг тийм үе байв даа. Япон-Монголын нийгэмлэг үүсч бий болсон нь 1964 он, Монгол судлалын нийгэмлэг 1971 онд байгуулагдсан юм даг уу. Би найз нөхөддөө “Монголыг судалж байгаа” гэхээр “хаана байдгийм тэр улс чинь” гэх маягтай, дийлэнхдээ “Чингис хаан”, “мал ахуй”, “говь” иймэрхүү зэргийн л мэдлэгтэй байв. Мэдээж би ч тэдний л нэг байсан. Монгол хүнтэй уулзахсан гэж бодовч монгол хүн байхгүй, монгол хэлээр ярихыг сонсох боломж ч байдаггүй байлаа. Тиймээс Монголоос төлөөлөгчдийн групп ирнэ гэдгийг сонсвол магнитфоноо тэврээд зочид буудал руу давхиж очин, энэ номыг уншаад өгөөч, энэ дууг дуулаад өгөөч гэж татаж чангаан гуйдаг байлаа би. Магнитфон ч өнөө үеийнхтэй адилгүй том, хүнд эд байв. Бас гуйлгаагүй байж өөрийнхөө сайн дураар гудамжаар дагуулж замчилж өгөх, их дэлгүүрт юм худалдаж авахад нь газарчилж өгдөг байсан. Тэр үед Японд ирсэн Монголчуудын ихэнх нь миний ийм довтолгоо, яршиг төвгийг эдэлдэг байсан байхаа. Нэг үгээр хэлбэл тэр үед би монгол хүнийг хөөж эргүүлж байсан, харин одоо бол монгол хүнээс “зугатаадаг” болсон доо. Монголд социализмын үед япон хэлийг сурвал “тагнуул болох нуу чи!” гэж хэлүүлдэг байсан бололтой юм. 1950-иад онд япон хэлийг сурах гэж Бээжинд очдог, 1960-аад онд бол Москва явахаас өөр аргагүйд хүрдэг байсан учраас Монголд япон хэл сурах нь тэр үед нэг талаар хэцүүхэн байжээ. Харин одоо бага сургуульд хүртэл япон хэлийг зааж байна. Японд суралцахаар шалгалт өгөгсдийн тоо хэдэн зуун хувьд хүрсэн байна. Японд амьдарч байгаа монголчууд дөрвөн мянга, Монгол руу явдаг япон жуулчид түм гаруйд хүрсэн нь надад яг л зүүд шиг санагддаг юмаа. Япон-Монголын харилцаа өнөө үед улс төр, эдийн засаг, соёл, худалдаа зэрэг бүхий л тал дээр гайхаж цөхөрмөөр хөгжиж байгаа тул харилцаа бага, хүнд бэрх байсан тэр үеийг тархи толгойдоо хадгалах нь чухал гэж би боддог. Тиймээс тэр үеийг сэргээн дурсая. Япон-Монголын хооронд чамгүй урт хугацааны турш яагаад дипломат харилцаа байгуулаагүй юм бол? Монголын талаас 1957 оны үеэс Японтой дипломат харилцаа тогтооё гэж хэд хэдэн удаа хандаж иржээ. Нэг талаар Япон улс Нэгдсэн Үндэстний Байгууллагыг төвчилж үзэх үзлийг гадаад харилцааны үндсэн бодлогоо болгон барьж ирсэн. Тийм атлаа яагаад Монголыг НҮБ-д гишүүнээр элссэнээс 10 гаруй жилийн урт удаан хугацааны турш дипломат харилцаа тогтоогоогүй юм бэ? Энэ шалтгаан та бүхний мэдэж байгаачлан тэр үеийн улс төрийн харилцаа, нэн ялангуяа Зүүн Европын хүйтэн дайн, Хятад Зөвлөлт Холбоот Улсын сөргөлдөөн, эсбөгөөс ЗХУ, БНХАУ, Тайвань, Америк зэрэг ээдрээ төвөгтэй харилцаа нөлөөлж байсан бөгөөд Япон Монголын хооронд тухайлбал Халх голын дайн, дэлхийн хоёрдугаар дайны үеийн 80 сая америк долларт хүрэх хэмжээний дайны нөхөн төлбөрийн асуудал, харилцан ойлголцол хангалтгүй зэрэг шалтгаан хөндөлсөж байсан юм. Оюуны түлхүүрээр оролдон тайлах лугаа адилаар эдгээр асуудлыг нэг нэгээр шийдвэрлэж байж л дипломат харилцаа тогтоосон ийм учиртай. Одоо дипломат харилцаа тогтоох үеийн процессыг товчхон эргэцүүлж үзье. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын хооронд ямар ч харилцаа байхгүй үе арваад жил үргэлжилж, арайхийж 1950-иад оны дунд үеэс аахар шаахархнаар иргэд хоорондын харилцаа эхэлсэн юм. 1956 онд Мүрамацү Шёохү, Акүтагава Ясүши гэх мэт Японы зураач, хөгжмийн зохиолч зэрэг урлагийн төлөөлөгчид ЗХУ-д болсон хуралд оролцоод замдаа Улаанбаатараар дайрч, бас Монголоос Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Японы Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага болох “Соохёо”-гийн урилгаар Японд ирж байжээ. Энэ бол дайны дараах хамгийн анхны хүмүүнлигийн харилцаа байсан. Хойтон жил нь болох 1957 онд зохиолч Ц.Дамдинсүрэн нарын таван төлөөлөгч Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтийг эсэргүүцсэн их хуралд оролцлоо. Түүний дараагаас энэхүү атомын бөмбөгдөлтийн эсрэг их хуралд Монголоос төлөөлөгчид байнга оролцдог болж хоёр улсын харилцаа бага зэрэг өргөжих болсон юм. 1957 онд Бээжинд Япон-Хятадын худалдааны нэг цонх байсан Японы олон улсын худалдааг хөгжүүлэх хамтын нийгэмлэг хэмээх байгууллага болон Монголын Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгчийн хэлтэс хооронд “Гадаад худалдааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичиг”-ийг үзэглэн солилцож 1959 онд албан ёсны худалдааны гэрээ бичгийг Улаанбаатарт үзэглэж гадаад худалдаа эхэлж байлаа. Гэвч тэр үеийн гадаад худалдаа гэдэг нь Японы Олон улсын гадаад худалдааг хөгжүүлэх нийгэмлэг болон Монголын Гадаад худалдааны яамны экспорт, импортын хэлтэс хариуцаж нэг жил тутам харилцан төлөөлөгч айлчлан худалдааны хэлэлцээр хийдэг байлаа. Энэ жил Японы талаас Монголд айлчилбал ирэх жил нь Монголын тал Японд очих гэх мэтээр байсан бөгөөд 1 жилд нэг л удаа худалдааны хэлцээр хийдэг байв. Японы тал Токиогийн Гинзад төвлөн 12 худалдааны компани, үйлдвэрлэлийн 2 компанид Монгол салбар байгуулж гадаад худалдаа хийж байлаа. Тэр үеийн баруун Европын олон улсын хүйтэн харилцаа, Тайваньтай холбоотой асуудал зэргээс болоод худалдааны томоохон компаниудын дотроос нэрээ ч ил гаргаж чадахгүй “Дами кайшя” /туннелийн компани/-гаар дамжуулж гадаад худалдаа хийдэг компани ч хэд хэд байсан билээ. Монгол-Хятадын харилцаа муудсан 1968 оноос ЗХУ-ын Ази Европын гадаад худалдааны комисс болон Монголын худалдааны төлөөлөгчийн газрын оролцоотойгоор тээвэрлэлтийн асуудал Хятадын Тяньжинаар бус Находка болон өөрчлөгдсөн юм. Тэгснээр тээвэрлэлтийн хөлс асар ихээр нэмэгдэж, проблем ч олонтоо гарах болж гадаад худалдаа нэг үе их хэмжээгээр буурч байлаа. Гадаад худалдааны зорилтот өртгийг 2 сая америк доллараар тогтоож байсан ба эхний үед 100 мянган ам.долларт хүрч чадалгүй, ойролцоогоор хэдэн зуун мянга, нэг сая ам.долларт хүрэх болсон нь 1970 он гарч байж сая бий болж байлаа. Монголоос Японд экспортлох бараа бүтээгдэхүүний ихэнх нь адууны дэл сүүл, хялгас, Японоос Монгол руу гаргадаг нь машины дугуй, олгой хаймар зэрэг голлож байсан бөгөөд Монголын тал ч социалист найрамдалт улс орны бараа бүтээгдэхүүнийг эн тэргүүнд тавьж худалдаа хийж байсан тогтолцоотой, мөн капиталист орны бараа бүтээгдэхүүнд тэр бүр дасаагүй тал байсны зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өртөг, чанар, тээвэрлэлт зэрэг дээр асуудлууд удаа дараа үүсч урагштай ахиц тэр бүр гарч өгөхгүй байлаа. Жилд ганцхан удаа худалдааны хэлэлцээр хийгдэж байсан тул харилцан ойлголцлоор ч маруухан байжээ. Иймэрхүү харилцаан дунд, атомын бөмбөгдөлтийг эсэргүүцсэн арга хэмжээнд оролцох, гадаад худалдааны болон, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид ирэх гэхчилэн арга хэмжээ, хурал хуйд оролцох төдийхнөөр Японд ирэх монгол хүний тоо ч цөөхөн, бас улс төрийн харилцааг зорилго болгосон зүйл байгаагүй тул Монголын төлөөлөгчид Японд ирэх бүр Японы тал янз бүрийн салбарт харилцааныхаа хүрээг тэлэхийг зорьж байсан юм. Ийн явцад 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элслээ. Япон улс Монголыг элсэхэд дэмжсэн санал өгч, түүгээр уламжлан “Монголыг бодитой хүлээн зөвшөөрөх” байр суурийг баримталж бага багаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болов. Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголыг сурвалжилдаг болж “Дипломат харилцааг тогтоох” гэх мэт улс төрийн сэдэв ч үзэгдэх болсон байна. Японы Гадаад хэргийн яам “Монголын сарын мэдээ” эмхэтгэл “Монголын статистикийн эмхэтгэл” зэргийн орчуулга гэх мэт монголтой шууд хамааралтай мэдээ, мэдээллийг цуглуулах болсон нь ч энэ үеэс бөгөөд Монгол Улс НҮБ-д элссэн нь томоохон шалтгаан болсон гэж хэлж болно. НҮБ-д элсэхийн шууд өмнөхөн буюу тэр жилийн 9 дүгээр сард Японы Гадаад хэргийн яам анх удаа дипломат ажилтнаа Монгол руу илгээсэн бөгөөд үүнээс мэдэгдэж буйчлан Японы Засгийн газрын хувьд ч Монголтой дипломат харилцаа тогтоох асуудлыг авч үзэх нь зүйтэй юм гэж үзэх болсон байна. Ингэж Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь Монгол улсын хувьд олон улсын байр сууриа дээшлүүлэхийн зэрэгцээ Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухайд туйлын чухал ач холбогдолтой болсон юм. Гэвч хоёр улсын хооронд тодорхой улс төрийн үйл ажиллагаа тийм хурдан өрнөөгүй юм. 1963 онд төрийн бус “Жуулчлалын хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсан ч мөн чанартаа жуулчны чиглэлээр гавьтай ахиц дэвшил гараагүй . Тэр үед яг цэвэр жуучлалын шугамаар Монголд аялсан япон хүн бараг байгаагүй болов уу гэж бодож байна. Нэг жилийн дотор хоёр улсын иргэдийн харилцан ирж очилт 100 хүнийг анх давсан нь 1973 он юм. Оюутан байхдаа би жуулчлалаар явах виз авахаар хэд хэдэн удаа өргөдөл өгсөн боловч зөвшөөрөл өгөөгүй юм. Ю.Цэдэнбал даргад өөрийнх нь гарт захидал хүртэл явуулаад тусыг олоогүй юм даа би. За тэгж байтал 1964 оны Токиогийн Олимпод Монголын 30 орчим тамирчидтай баг оролцсон бөгөөд энэ нь Японд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд бичигдэж, Японд Монголыг ойлгоход томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Японы Сүмод амжилттай барилдаж буй Хакүхо-Даваажаргалын аав Жигжэдийн Мөнхбат гуай ч олимпийн чөлөөт бөхийн тамирчин байлаа. Монголын нэг тамирчин галт тэргэнд явж байгаад мөнгөө хулгайчид суйлуулсан хэрэг гарч энэ нь сонингуудад томоор бичигдэж, олон иргэд хулгайчид мөнгөө алдсан Монгол тамирчинд мөнгө цуглуулж өгч байсныг би санаж байна. Ийм яриа шуугиан хүртэл Монгол хэмээх улсыг Японд танилцуулахад хэрэг болж байсан удаатай. 1964 онд дээр өгүүлсэн “Тоокоокай”-н үндэс суурь дээр Гадаад хэргийн яамны гадаадтай харилцах суваг болж Япон-Монголын нийгэмлэг байгуулагдлаа. Одоогийн Ёшида багшийн тэргүүлдэг нийгэмлэг юм. Мацүзаки Ёо хэмээх нүдний эмч уг нийгэмлэгийг тэргүүлж, Касүга Юкио багштан нарийн бичгийн дарга байлаа. Гишүүн цөөхөн, мөнгө байхгүй нийгэмлэг байсан тул Мацүзаки гуай өөрөөсөө ихэнхдээ санхүүжүүлдэг байсан бололтой. 1963 онд WHO /дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ийн хүсэлтээр Монголын анагаах ухааны хүрээлэнгийн хавдар судлалын секторын захирал н.Загаржав тэргүүтэй 2 эмч хагас жилийн хугацаагаар Японы эрүүл мэндийн байгууллагад суралцсан ба тэр ажлыг Мацүзаки эмч ихээхэн хөөцөлдсөн юм. Япон-Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагын байр сууринаас 2 улсын Засгийн газар, улс төрчдийн хооронд гүүр болох зэргээр дипломат харилцаа тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Үүнийг Япон-Монголын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэх нь зүйтэй юм. Ингээд 1966 онд Монгол дахь Япон цэргийн булшийг Японы Засгийн газраас очиж эргэх төлөөлөгчдийн группийг илгээсэн бөгөөд энэ үйл явдал дипломат харилцаа тогтоох үйл явцад Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэн явдлын дараа орохоор маш том алхам болсон хэрэг явдал гэж би хувьдаа боддог юм. Ялангуяа Монголын тал энэхүү арга хэмжээг талархалтай хүлээн авсан нь Японы Засгийн газар, ард иргэдэд баяр хөөртэй сэтгэгдэл үлдээж, түүний дараа дараагийн харилцааг хурдасгахад чухал хүчин зүйл болсон билээ. Энэхүү булш эргэх үйл ажиллагаа нь сонин хэвлэлүүдээр Монголыг танилцуулах тэр боломжийг буй болгон өгч, “дипломат харилцааг хурдан хугацаанд тогтоох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг олон нийтэд илэрхийлсэн юм. Олон сонин “дипломат харилцаа тогтоох” асуудлыг дэмжсэн нийтлэлүүдийг гаргаж байлаа. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон-Монголын нийгэмлэг, нэн ялангуяа Касүга Юкио гуайн оруулсан хувь нэмэр асар их юм. Энэхүү булш эргэх асуудлыг тойрсон хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын дүнд хоёр улсын хооронд жинхэнэ ёсоор улс төрийн шууд ойртон нягтрал бий болж ,дипломат харилцаа тогтоох тухай сэдэв нэн бодитой шинжийг агуулах болсон юм. Парламентын гишүүн, Либерал Ардчилсан Намын Хасэгава Такаши гуайн тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн булш эргэх асуудалтай зэрэгцээд гадаад харилцаанд улс төрийн бодитой алхам хийсэн юм. Түүний дараа Монгол улсаас Токио хотод нээгдсэн Ази-Африкийн зохиолчдын их хурал, Ази номхон далайн эдийн засгийн байгууллагын хурал /ECAFE/, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хурал /ILO/ зэрэг янз бүрийн боломж нөхцлийг ашиглаж Японд төлөөлөгчдөө илгээж ирсэн бөгөөд Монголын талаас төлөөлөгчдийн түвшинг аажим аажим өндөрсгөсөөр ирсэн юм. 1961 онд Ази Африкийн зохиолчдын их хуралд зохиолч, хожим нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд асан Дондогийн Цэвэгмид агсан, 1967 оны ECAFE хуралд Гадаад явдлын яамны 1 дүгээр орлогч сайд, МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн Дэжидийн Чимэддорж ,1968 онд Япон-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан арга хэмжээнд Энхтайван найрамдлын байгууллагуудын хорооны дарга, Гадаад явдлын яамны сайд асан Дашийн Адилбиш гуай, мөн тэр жил болсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын их хуралд Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны дарга Мятавын Лхамсүрэн гуай зэргийг илгээж оролцуулж байлаа. 1970 онд Оосака хотноо нээгдсэн ЭКСПО-д Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Дамдингийн Гомбожав тэргүүтэй төлөөлөгчид ирж байлаа. Д.Гомбожав гуай Либерал Ардчилсан Намын дэд тэргүүн Кавашима гуай, Гадаад хэргийн сайд асан Айчи зэрэг Парламентын гишүүдтэй өргөн хүрээнд уулзаж ярилцаж, дипломат харилцаа тогтоох асуудалд ихээхэн ахиц үзүүлсэн юм. Японоос ч 1969 онд олон намын бүрэлдэхүүнтэй Парламентын гишүүдийн төлөөлөгчид айлчилж, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав гуайн айлчлалд хариу барьж 1971 онд Японы Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид Монголд айлчилж, дипломат харилцаа тогтоох асуудлыг үндсэндээ бодитой болгож, түүнийгээ улс орны дотоод гадаад нөхцөл байдлын эгзгийг тааруулан хэрэгжүүлэхээр тогтжээ. Мэдээж хэрэг энэ хооронд Гадаад явдлын яам хооронд идэвхтэй харилцаатай байсан гэж хэлэх боломжгүй. Ийм нөхцөл байдлын дунд дайны төлбөрийн асуудал “Монголын талаас нөхөн төлбөр шаардахгүй, харин Японы тал боломжийн хэрээр эдийн засгийн дэмжлэг туслалцалаа үзүүлэх” дээр тогтож, хоёр тал урьдчилан хэлэлцэж санал нэгдсэн юм. 1971 онд Японоос Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулж Монголд эрүүл мэндийн тусламж болгож 20 мянган доллартай тэнцэх түргэн тусламжийн машин, донорын нүүдлийн машин зэрэг хэрэгслийг бэлэглэж байсан. Олон улсын байдал ч Япон Монголын харилцаанд таатай нөлөө үзүүлэх шинжтэй болж өөрчлөгдөж ирлээ. Харилцаа муудаж харилцан элчин сайдаа хүртэл улс орондоо эргүүлэн татаж байсан Хятад-Монголын харилцаанд сайжралын үүр цайж эхлэн, Япон-ЗХУ-ын хооронд 5 жил зогсоод байсан Гадаад явдлын сайд нарын тогтсон уулзалт сэргэж, АНУ-ын Никсон Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр зарлаж, олон улсын харилцаанд ч хоёр орны хувьд дипломат харилцаа тогтооход гай болох зүйл арилж алга болж байлаа. Ийнхүү урт удаан хугацааны турш хуримтлагдсаар, олон улсын байдлын нааштай өөрчлөлтийн дунд 1972 оны 2 дугаар сард Москвад сууж байсан хоёр улсын Элчин сайд нарын дунд ердөө гуравхан удаагийн, нийтдээ 3 цаг ч хүрэхгүй богинохон хугацааны уулзалтаар дипломат харилцаа тогтоохоор санал нэгдсэн билээ. Ингээд 1973 оны 6 дугаар сард Улаанбаатарт Япон улсын Элчин сайдын яам, мөн оны 12 дугаар сард Токио хотноо Монголын Элчин сайдын яам харилцан нээгдэж, жинхэнэ ёсоор харилцаа маань урагш хөдөлсөн юм даа. Японы Элчин сайдын яам “Улаанбаатар” зочид буудлын 4 давхарт нээгдэв. Тус Элчин сайдын яам одоо Монголд хамгийн сайхан байртай болсон ч тэр үед зочид буудлын нэг өрөөнд, яамны ажилтан гэвэл түр хугацаагаар хавсран суух Элчин сайд Сакияма гуай, түүний туслах миний бие ердөө л энэ. Монголд байгаа япон хүн гэвэл Сакияма гуайн эхнэрийг оролцуулаад бид 3 байлаа. Япон хүн ховор тул амьтны хүрээлэн үзэж буй аятай Элчин сайдын яамаар шагайж харах монгол хүн ч байлаа. Монголын Элчин сайдын яам ч эхлээд Гинзагийн 1 дүгээр зочид буудалд байсан ба удалгүй энэ сайхан байранд нүүгээд орсон тул атаархаж байлаа би. Ийм процессыг туулж дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд улс төрч, дипломат ажилтан, жирийн иргэд олон хүмүүс янз бүрийн байр сууринаас хүчин зүтгэж байсны үр дүн юм. Монголын талаас миний санаанд тов тод үлдсэн зүйл гэвэл дипломат хэлэлцээний түүчээ болж байсан тэр үеийн Гадаад явдлын яамны Азийн хэлтсийн дарга асан Пунцагийн Цэрэнцоодол агсан болон улс төр, олон нийтийн байгууллагуудын гүүр болж байсан Энхтайван, Найрамдлын байгууллагуудын холбооны хорооны дарга Дашийн Адилбиш агсан нар юм. Хоёулаа сайхан хүмүүс байлаа, хоёр улсын харилцааны хөгжилд уйгагүй зүтгэж, Японы талын халуун итгэл, найдварыг хүлээж байсан. Москва хотноо Япон цэргийн булш эргэх асуудлыг хэлэлцэхэд болон дипломат харилцаа тогтоох хэлэлцээрүүдэд оролцож байсан Монголын элчин сайд Ч. Лувсанчүлтэм агсан ч Японы талд ихээхэн сайн сэтгэгдэл үлдээсэн хүн байлаа. Ийм нөхөрсөг, итгэлтэй харилцаа хамтын ажиллагааг түшиж тулж ирсэн гэж хэлж болно. Японы талын онцлог гэвэл хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох, харилцааг хөгжүүлэхэд эсэргүүцэх хүчин байгаагүйд оршиж байна. Японы Коммунист нам Хятад-ЗХУ-ын хоорондын сөргөлдөөний нөлөөнд Монголыг дэмжих дэмжлэг нь хуваагдмал байсан үе бий хэдий ч үндсэндээ Либерал Ардчилсан намаас Коммунист нам хүртэл, жирийн ард иргэдийн хооронд ч эсэргүүцэх санаа байгаагүй юм. Энэ нь 1990 оноос хойшхи Монголд үзүүлж буй туслалцаа дэмжлэгт мөн адил бөгөөд яагаад ч юм Монголтой харилцах харилцаанд Японы тал санал нэгтэй дэмжиж ирсэн билээ. Энэ нь Монголын талд ч адилхан бөгөөд дипломат харилцаа тогтоохын өмнөхөн гадаад өнгөндөө нам, засгийн “Үнэн” сонин зэрэгт Японыг хүчтэй шүүмжилж байсаар ирсэн ч, нийтийн байр сууринаас холдохоороо хүмүүс маш найрсаг дотно байдаг байсан. Тэр үед Японд ирсэн аль ч төлөөлөгчдөөс тийм сэтгэгдэл төрдөг байлаа. П.Цэрэнцоодол гуай халамцуухан байхдаа Японы нэг дипломат ажилтанд “дипломат харилцаагаа тогтоочихоод Японтой манайх хамтран ашигламаар эрдэнэсийн уул байгаа юм. Оросуудад мэдэгдэхгүй үлдээж байгаа” гээд баярласан шинжтэй ярьж байсныг би ердөө мартдаггүй юм. Тэр уулны нэрийг асуусангүй. Иймэрхүү Япончуудын Монголд элгэмсэг, Монголчуудын Японд элгэмсэг ханддаг байдал нэн сонирхол татдаг, хэн нэгэн судлах нь зүйтэй юм. Судалгааны хангалттай сэдэв болох биш үү гэж бодож байна, тийм бус уу. Монголтой тогтоосон дипломат харилцаа нь Японы хувьд Азийн соц оронтой хамгийн анх тогтоосон харилцаа болох бөгөөд түүгээр зогсохгүй Америкийн өмнө орсон үйл явдал юм. Ази руу хандсан, олон талт харилцаа, биеийг даасан гадаад харилцааг зорьж байсан Япон улсын хувьд гадаад харилцааны маш том үр дүн байсан. Азитай гадаад харилцааны хүрээгээ өргөтгөж, АНУ-ыг аялдан дагалдах хэмээх бэрхшээлийг даван туулж, биеэ даасан идэвхитэй гадаад бодлогоо харуулж чадсан юм. Түүгээр зогсохгүй Япон-Хятадын хооронд төрийн хэвийн харилцааны нэг чухал алхам болсон гэж үзэж болно. Америк-Монголын хооронд дипломат харилцаа Японоос 15 жилээр хоцорч байж, 1987 онд тогтож, Япон улс 1990 оноос хойш Монголд үзүүлж байгаа тусламжаараа ч Америкийг ардаа орхиж ирлээ. Ийнхүү Монголтой харилцаа, хамтын ажиллагаагаараа Япон улс АНУ-ыг тэргүүлж ирсэн билээ. Монгол улсын хувьд ч Японтой дипломат харилцаа тогтоосноороо гадаад харилцааны хүрээгээ өргөтгөж, олон улсын байр сууриа дээшлүүлэх хэмээх гадаад бодлогынхоо үндсэн зорилгоо бэхжүүлж ирлээ. Японоор дамжуулж Азитай гадаад харилцаагаа өргөжүүллээ. Мөн Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр дотоодын эдийн засгийн хөгжилд томоохон үр дүн олж ирлээ. Ингэхээр Япон-Монгол 2 улсын хувьд 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүх нэн чухал ач холбогдолтой зүйл гэдгийг бүрнээ тэмдэглэн хэлж болохоор байна. Өнөөдөр 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоож байсан тэр үеийг эрэгцүүлэн санахад ийм сэтгэгдэл улам хүчтэй төрж байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |