Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Гэнжийн дуулал. 3-р хэсэг.

Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны Бөлөг. 3-р хэсэг.

Унаган мариатай, цагаахан, цэвэрхэн, ялдамхан, царайлаг эмэгтэй байв. Ингээд аятай амгалан газар байвал төгс сайхан эмэгтэй байна даа гэж Гэнжи бодлогоширохын сацуу эр хүний гэгэлзсэн сэтгэлийн аясаар “ хажуугийн хүн нь тийм ч муугүй” гэж бодож байлаа.

Царайлаг бүсгүй нь зан ааш ч сайтай бололтой, го хожоод дуусч байлаа. Цаад хүн нь аяархнаар “жаахан хүлээ л дээ, тэр  жи“(!) мөн бус уу, энэ “коо”(!)  -г ...         гэх ба түүнийг нь ер тоосонгүй.

            “Үгүй ээ, Та энэ удаа хожигдсон шүү, энэ өнцөгт хэдэн мокү байна даа арав, хорь, гуч, дөч” гээд хуруугаа гарган тоолж гарав.

Гэнжи ийнхүү бүсгүйчүүдийн аятай сайхан тааваараа байх жинхэнэ нүүр царайг одоо болтол ер харж байсангүй. Хүүхнүүд цөм л түүний аяст автагдаж, хиймэл үг хэлж, зүс царай гаргаж, чимэг үгээр булж байдаг ажээ. Ямар ч эмэгтэйн байдал янз адил, үнэн санаа нь тийм амар харагддаггүй байв.

Гагцхүү энэ хүнийг харахад л...   Энэ хүн нэг л өөр байлаа, энэ гайхалтай бүсгүй чамбай цэгц хүн байна гэж Гэнжи сэтгэлдээ дурласан бүсгүйнхээ тухай бодож байлаа. Харин одоо Гэнжигийн тухтай нь аргагүй сэм ажиж байгаа бүсгүйчүүд эрэгтэй хүн харж байгааг ер анзаарсан шинжгүй байх тул их л тааваараа хөгжилдөн байх авай.

Гэнжид тун таатай санагдав. Ялангуяа сэтгэлдээ ямагт тээж яваа хүн нь их л тахимдуу, хөгжүүн байгаа нь сэтгэлд аятайхан байлаа. Когими ирсэн болохоор Гэнжи хурдхан гарах хаалганы үүднээс холдов. Тэрээр Гэнжиг ийм газар удаан хүлээлгэсэндээ сэтгэл ихэд зовинож, тэглээ гээд эгчийнхээ унтах газар руу замчлаад явалтай биш. Хүүхэд болохоороо дэмий л Гэнжиг дагалдаж байлаа.

            -“Зочин байгаа тул гадагшаа гарч болохгүй байна л даа”

            -“За тэгвэл унтаж амартал нь хүлээе, сүүлд сэмээрхэн оруулаад өгөөрэй”

            -“За...  харин бүтэх болов уу яадаг бол...”

Зочилж ирсэн дагвар охин өнөө шөнө энд хонох бололтой байлаа. Удсан ч үгүй нэг мэдэхэд өргөөний чимээ шуугиан намжиж, гагц салхины исгэрэх дуун дуулдана.

Когими цүмадо /унтлагын өрөөний хананд гаргасан хавтаст хаалга/  тогшиж онгойлгуулаад сэрүүвчинд зүүрмэглэх янз гарган хэвтэж байлаа.

Тэр хооронд арайхийж өнөө эмс хүүхнүүд унтаж байгаа бололтой тул сэнс дэлгэн дэнг унтрааж, сэмээрхэн Гэнжиг орууллаа. Хүнд харагдвал эвгүй юм болно доо гэж бодсон ч Гэнжи дурлалын адал явдлын уруу татаасыг сөрж чадсангүй. Хатан эхийн өргөөний кичёогийн катабира хөшгийг дээш сөхөн харанхуйн дунд сэм орж явчихвай.

Үцүсэми сүүлийн үед юм бодон гиюүрэх нь олширч, шөнө нойргүй хонох нь элбэг байлаа. Тэр нэгэн шөнө, ганцхан шөнө төдийн Гэнжид татгалзсаар, Гэнжи ч цөхөрсөн мэт царайтай байх тул санаа амарч, гэхдээ л цаг ямагт тэр нэгэн явдлыг мартаж чадахгүй байлаа.

Шуурганд хөөгдөх лүгээ адил залуу хүүгийн хайрын онгод, яг тийм гэж хэлж үл чадах ёсгүй авир /тэр нь хүнд мэдэгдэж үл болох нууцхан хэрэг явдал төдий/ зэрэг нь бүсгүйн сэтгэлд маш гүн ан цав суулгаж байлаа. Го тоглож байсан дагавар охин дэл сул элдвийг хүүрнэж байснаа нэг мэдэхэд нойрссон бололтой байв. Гэнэт Үцүсэмигийн чихэнд кимоногийн хормой зөөлөн хавирах чимээ сонсодлоо.

Зуны шөнийн салхийг хөлөглөн хувцсанд шингэсэн үнэр нь үнэртэнэ. Толгойгоо өндийлгөн ажвал харанхуйн дунд ойрхон хүний сүүдэр тусав. Үцүсэми гайхан сочиж, яах ийхийн зуурт нимгэн дан кимоно эгэлдрэглээд чимээгүйхэн сэм гарлаа.

Бүсгүй ганцаараа хэвтэж буй тул Гэнжийн сэтгэл амарч, хувцсыг аяархан тайлтал яагаад ч юм нэг л том биетэй байх шиг санагдав. Түүнээс гадна тэр нэгэн шөнийн явдал лугаа байдал янз нэг л өөр агаад баахан хайш яайш унтаж байгаа нь ч сэтгэлийг нь гөмсдүүлэв.

Энэ бүсгүй Үцүсэми биш байна. Тэрээр зугтааж одов уу хэмээн бүсгүйн сэтгэл хатууд дургүйлхэн ондууцлаа. Охин нүдээ нээж, гайхан харж байлаа.

Хүн андуурав гэх ч тийм аятай санагдахгүй тул охинд сэтгэлийн сэв болно. Бас охины хойд эхэд сэтгэл алдарснаа зүрхлэн хэлвээс эр нөхөртэй бүсгүй хүн элдэв нэр хоч зүүхээс үхэтлээ айж буй Үцүсэмиг шархлуулах болох билээ. Юутай ч ингээд зугтан одсон Үцүсэмиг хөөн явбал таатай бус санагдах тул түрүүхэн дэнлүүний гэрэлд сэм ажсан орчин үеийн маягтай, царайлаг бүсгүй энэ охин мөн аваас дураараа л бол гэсэн сэтгэл төрөөд ирэв. Охиныг цочирдуулалгүй зөөлхнөөр тэврэн, аяархан дуугаар Гэнжи түрүүлэн ам нээж таныг санагалзан кататагаэгээр түрий бариад ирлээ гэж өгүүлэв.

Охин санасныг бодоход номхон, эсэргүүцэн тийчлэх нь үгүй байв. Гэнжигийн хэлсэн үгийг тайвнаар хүлээн авч, сэм гэтэн ирсэн эр хүн хэн бэ гэдгийг багцаалдаж буй аятай байвай. Залуу хүн тул амархан итгэж байгаа нь өхөөрдөм санагдсан ч Гэнжи Үцүсэмиг гартаа оруулж байсан үеийнх шиг төгс төгөлдөр мэдрэмж төрсөнгүй.

Тэглээ ч ингэтлээ бултан одож буй, санаснаар болдоггүй, хүйтэн хүнд сэтгэл алдуурвал улам бүр улангасдаг амой. Одоо хаа нэгэн газар намайг тэнэг эр гэж элэглэн шоолж байгаа биз. Энэ миний сэтгэл чин үнэн байхад хэмээн Үцүсэмиг тэчъяадан бодохын сацуу тэрхүү дийлэгдэшгүй бүсгүйд Гэнжи дурласаар байлаа. Тэр бүсгүй энэ охин лугаа адил амар хялбархнаар биеийг өгсөнгүй бүлгээ...   гэж бодохын сацуу Гэнжи охины чихэнд “дараа дахиад сэм ирнээ би.Когимигээр захиа дайлгана, хүмүүст мэдэгдэхгүй байхыг хичээдэг юм шүү” гэж захивай.

Гэнжи Үцүсэмигийн тайлж хаясан нимгэн тэрлэгийг ухасхийн татаж аваад гарлаа.

Когими Гэнжиг даган явж хатны хаалгыг нээхүл хижээл эмэгтэй “Аа яа ийм харанхуйн дунд хэнсэн билээ та” гэсээр гараад ирэв.

            -“Би байна. Когими”

            -“Бас энэ эрхэм хэнсэн билээ” хэмээн хижээл авхай сарны гэрэлд хараачлаад биерхүү хатан хүн байна хэмээн андуурав бололтой.

-“Та бас өнөө шөнө ээлжтэй юү, миний гэдэс базлаад хэцүү байна. Буугаад амарч байтал ажил гараад дээш гарч ирлээ. Үнэндээ гэдэс базлаад байна. ёо! ёо! ”    гээд тээр тийш яваад өгсөн тул ямартай ч гадагшаа гарч чадлаа.

Сэтгэл даарам адал явдал юутай ч учрахад үгүй гэх газаргүй тул хянамгай байхад илүүдэх юун гэж Гэнжи бодлоо.

Гэнжи Когимиг сүйх тэргэндээ  суулгаад Нижёо ин /Гэнжигийн орд өргөөний нэр, Кирицүбо хаантны дурлалт бүсгүй, Кооэгийн төрсөн гэр энэ ордонд байжээ/ буцсан ба зам зуураа Когимид болж өнгөрсөн үйл явдал, сэлтийг ярьж явлаа.

-“ Үнэхээр хүүхэд гэдэг хүүхэд л байдаг юм байна, тус нэмэр болох юм даанч алга даа” гэх зэргээр уурсангуй өгүүлэх тул Когими сэтгэл төвдөн, байж суух газраа олж ядан байвай.

“Би гэдэг хүн Иёоносүкэгээс дорд амьтан юм байна л даа, ингэж дургүйлхэхийг бодоход ...” Гэнжи ийн өгүүлсээр өнөөх дан тэрлэгийг тэврээд нойрслоо. Түүний тэрлэг яг л цөгөрзгөнийн хоосорсон үүр мэт бүлгээ. Гэнжи шөнөжингөө цухалдан үглэж байлаа.

Когими эгчийндээ буцаж очсон ч маш ихээр загнуулав.

“Аймшигтай юмтай таарлаа даа. Яахаараа газарчилж хүртэл өгдөг байна аа. Чи ер нь юу боддог хүн бэ? Хавийн хүмүүст элдэв муу үг сонсдож, дуулдвал яах болж байна, арайхийн нуугдаж өнгөрөөлөө... “

Когими хоёуланд нь загнуулж, зэмлүүлэн сэтгэлээр унан байж Гэнжигийн захидлыг гарган өгөв. Үцүсэми шууд тэр дор нь задалсангүй. Таталган бичсэн, цэвэрхэн бичвэр байх агаад

            Цөгөрзгөний хоосорсон үүр лүгээ адил дан тэрлэгээ үлдээгээд зугатан одсон чамайгаа үгүйлэн бодсоор сууна даа би” гэжээ.

            “Ай хөөрхий өнөөх дан тэрлэгийг маань авч явсан юм байх даа” гэж Үцүсэми харан харан ичингүйрч, бүх л бие нь улайх шиг санагдав. “Хөлс шингээгүй байгаа даа, тэр тэрлэгт... үзэхүйд бэрх байсан болов уу, ямар бол...”

            “Хувцасныхаа доор хийгээд нойрсож байсан шүү, эзэнтэн” гэх Когимид Үцүсэми хариу хэлж үл чадав.

            Когимид эгч нь хилэгнэж байгаа мэт харагдавч яг үнэндээ тийм бус, тэрээр сэтгэл нь ихэд хөдөлж байлаа.

            Гэнжигийн хайр дурлал биеийг нэвтлэх мэт бодогдон, түүний шивнэн шивнэн хэлсэн үг чихэнд нь сонсогдох шиг болов.

            “Нэгэнт хожимджээ... хэтэрхий хожимдож...” гэж Үцүсэми гэнэт амандаа шивэгнэн үг унагаав.

            -“Хожимджээ гэж юуг хэлээд байна даа, эгч минь”

            -“ Аан үгүй дээ, бидний явдал ...” 

            Гэнжигийн үг дайлгаад байсан тэр зүйл  миний охин насанд учирсансан бол ... гэх эргэшгүй зүйлд бодлогошрон суугаа Үцүсэмигийн  дотоод сэтгэл долгилон шаналж байлаа.

            Тэр хүний хайр сэтгэл гэдэг түрхэн зуурын шалиг явдал биш бололтой гэдгийг ойлгоод эр нөхөртэй энэ биед даан ч арга үгүй зүйл байлаа гэж бодовч  эвийг нь тааруулан зугтаж, түүний гарт цөгөрзгөний хоосорсон үүр шиг дан тэрлэгээ үлдээн одсон өөрийнхөө аягийг зөвтгөн бодохгүй байлаа Үцүсэми. Ингэхээс өөр аргагүй байсан гэж бодсоор учир жанцанг үл мэдэх сэтгэлийн зовлон нь улам л хүндэрсээр байлаа.

-“Даан ч арга алга даа. Жаахан эртхэн учирсансан бол. Миний хувь заяа муутайнх биз ээ... ийм захиа хүлээж аваад яах ч юм билээ дээ, хожимдсон учрал гэж бас байдаг л юм байна”

Үцүсэми цагаахан эрүүгээ дээлнийхээ заханд шигтгэн дүнсийж бодлогошрон байх авай.

Баруун өргөөний дагавар охин Ногибано Оги, Когимиг хараад цээж нь дэлсэж байлаа. Нөгөө хүний элч болж яваа юм биш байгаа даа гэж бодсон боловч Когими түүнд захиа авч яваа шинж ер үгүй байлаа. Мөнөөх нууцгайхан хэрэг явдлыг нёобоо нарын хэн нь ч мэдээгүй болохоор хэн хүнд ярьж чадахгүй тэрээр  дэмий л цээжиндээ хурааж ядан байв. Юм үзээгүй балчир охин биш юм болохоор тэрээр нууцыг чандлаж байсан боловч Гэнжиг мартаж яахан чадах билээ. Тэр үед Гэнжи ордны хөлийн өрөөнд найз Тооно Чюүжёотой ярилцаж суулаа. Нар шингэсний дараахнаас эхэлсэн бороо тэр хэвээр шөнө болтол орсоор ордонд хүн сэлүүн, чимээ шуугиан багатай байв.

Тооно Чюүжёо Гэнжигийн авааль хатан Аойно үэгийн төрсөн ах бүлгээ. Садай сайд, эцгийн талын хааны удмын авааль хатан хоёрын дундаас төрсөн албан ёсны ууган хүү агаад Гэнжитэй нас ойролцоо эрдэм ухаанд, тоглоом наадамд ч санаа нийлдэг ажээ. Гэнжи хүүхнүүдийн хайрын захидлыг Тооно Чюүжёод үзүүлж байв. Мэдээж хэрэг хамгийн чухал зүйлээ ихэд нууцлаж байв ...

“Нэлээд олныг цуглуулжээ” гэж тэрээр хэлээд энэ хэнийх вэ, энэ хэнийх вэ гэж таахыг оролдож байв. Тэр хоёрын яриа эмэгтэйчүүдийн тухай болж өргөжив.

-“Алдаа дутал үгүй бүсгүй хүн гэж байхгүй шүү дээ” гэж Тооножюүжёо хэлэв.

Ерөөс сайн тал үгүй эмэгтэй хүн гэж байхгүй ч өндөр дээд язгууртны хүүхнүүдийг сайн мэдэхгүй юм даа. Хадамд гаргах нас нь болсон хайртай охиндоо салхи ч үзүүлэлгүй өсгөдөг болохоор тэр л дээ. Хайр дурлалын ангуучдад хамгийн сонирхолтой ан бол дунд хэр язгууртны эмс байх шүү. Тэгтлээ дорд язгууртай бүсгүй хүнд бид сонирхол төрөхөд бэрхтэй. Дунд язгууртны тухайлбал хошуу захирагч Зүрёо нарын охид бүсгүйчүүлийн дунд харин хаа очиж гартаа хийхээр эмс олон бус уу” Гэнжи дуугүй л толгой дохин суух ба гагц Үцүсэмигийн тухай цээжиндээ бодсоор авай.

                                                      Тэргүүн бөлөг жаргавай.

Мүрасаки Шикибү манай эриний Х зуунд бичсэнийг Танабэ Сэйко орчин цагийн япон хэлэнд хөрвүүлж, О.Жаргалсайхан монгол хэлээр орчуулав.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax