Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон

08:35 , 2008-04-09 .. Бичигдсэн: Дээд боловсрол .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Газар нутаг багатай, байгалийн баялгаар хомс, зөвхөн хүмүүс нь л энэ орны гол баялаг. Бусдад аливааг найдан даатгадаггүй, хичээл зүтгэл л бүхнийг шийднэ гэж үздэг хатуу философитой, ард иргэддээ хүртээмжтэй боловсролын сайн системтэй энэ орон эдийн засгийн гайхамшигтай хурдцаараа дэлхийд тэргүүлж байна...

Ингээд бичвэл уншигч та Японы тухай бичиж  байна гэж бодож магадгүй. Энэ удаа европ тивийн төв дунд орших уулын жижиг улс Швейцарийн тухай өгүүлье.

Хүн ам нь 7 сая 500 мянгаас хэтрэхгүй тул жижиг улс гэж зориглон бичив би. Харин эдийн засгийн хүрээ, мөнгө санхүүгийн бэл бэнчингээрээ өндөр хөгжилтэй том улс юм. Төв Европын уулын жижигхэн энэ улс яаж амжилтанд хүрэв, дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрний тоонд яаж багтав гэдэг нэн сонирхолтой. Дээр өгүүлсэнчлэн энэ орны цорын ганц баялаг болсон ард иргэдээ хөгжлийн алтан түлхүүр болгон боловсруулсан боловсролын системийнх нь онцлог юунд байна вэ гэдгийг тоймлон хүргэхийг зорьлоо.

“Дэлхийн эдийн засгийн форум” /WEF/-аас гаргасан “Глобаль өрсөлдөх хүчний илтгэл, 2007 он” товхимолд бичсэнээр Швейцарь улс нийт дүнгээрээ Америкийн дараа буюу II байранд оржээ.

WEF өөрөө Швейцарийн төрийн бус байгууллага болохоор л... гэж уншигч та бодож магадгүй. Түүндээ гол нь бус технологийн инноваци, инфляци, мэргэшилтэй ажиллах хүчний өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтээр өндөр оноо авчээ. Боловсролын үзүүлэлтүүд ялангуяа дундаас дээш боловсрол, практик дадал гэсэн үзүүлэлтээр Америк 5-р байранд Швейцарь 7 дугаар байранд явж байна. Бага дунд боловсролын өрсөлдөх чадварыг илтгэдэг “эрүүл мэнд, анхан шатны боловсрол” үзүүлэлтээр ч муугүй явж байна.

 

Швейцарийн хүүхдүүд арван наснаас мэргэжлээ сонгож эхэлдэг байна.

 

Швейцарийн боловсролын систем Америк, Японы системээс нэлээд ялгаатай. Швейцарьд “маэстро” буюу шавь сургалтын системд суурилсан мэргэшлийн сургалт, дадлага ажил эртнээс улбаатай,  өнөөг хүртэл уламжлалаа  хадгалсаар байна.

Маэстро нь бие даан өөрөө менежмент хийх эрх бүхий мэргэжилтний статустай бөгөөд маэстро нар  эвлэлдэн “guild” байгуулж түүгээрээ хэлэлцэж байж мастерын сертификат олгодог байна.

Маэстро болохын тулд суурь боловсрол, мэргэшлийн сургалтыг дүүргэх ба энэ нь Швейцарийн анхан шатны боловсролын үндэс болдог. Швейцарийн хүүхдүүд 10 наснаасаа эхлэн өөрийн амьдралын хамгийн том сонголттой учирдаг байна. Би ирээдүйдээ ямар мэргэжил эзэмших вэ гэдэг маш том сорилтыг эх эцэг, сургууль багш нарын туслалцаатайгаар хийж гүйцэтгэдэг.

Дээд сургуульд дэвшин суралцахын тулд гимназиум хэмээх дунд, ахлах сургуулийн программыг дүүргэх хэрэгтэй бөгөөд гимнази дүүргэн, дээд сургуульд элсэх эрх авдаг хүүхдийн тоо улс даяараа 11%-иас хэтэрдэггүй байна. Үүнийг уншаад уншигч Та монгол хүүхдийн ухаантайг, швейцарь хүүхдийн тэнэгийг яаран гайхах хэрэггүй. 10 настай хүүхдийн сонголтод багш, эцэг эхийн санал голлох үүрэгтэй. 6 жилийн сургалтын явцад тэр хүүхдийн мэдлэг, чадвар, дадал, авъяас манайхаар бол оюуны савны хэмжээ багцаа мэдэгддэг ажээ.

Гимназид дэвшин суралцах хүүхдэд тавигдах хамгийн том шаардлага бол энгийнээр хэлбэл “толгой сайтай” байх явдал. Бүтэн 6 баллын үнэлгээтэй буюу бүх судлагдахуун хичээлийн дундаж үнэлгээ 5.5-аас дээш байх шаардлагатай байдаг байна. Манайхаар бол онцын онц гэсэн үг.

Оюуны чадвар нь хүрэхгүй мөртлөө дээд сургуульд орох гэх нь хүүхдийн амьдралд нэмэр тусгүй хэрэг гэж  Швейцарийн багш, эцэг эхчүүд бүрнээ итгэдэг ажээ.

Тиймээс ихэнх сурагчид 9 жилийн албан сургалтыг дүүргээд ажиллахын зэрэгцээ мэргэжлийн сургуульд суралцан цаашилбал дээд зэрэглэлийн мэргэжлийн сургалт явуулдаг тусгай сургуулиудад дэвшин суралцдаг байна.

Швейцарь улсын хэмжээнд 100 орчим байдаг өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургууль нь нэг факультетээс бүрддэг “дээд сургууль” бөгөөд нийт төгсөгчдийн 20 хувь орчим нь л элсдэг байна.

Бага, дунд сургуулийн багш болох тохиолдолд их, дээд сургуульд суралцах хэрэгцээ үгүйн дээр дээд зэрэглэлийн мэргэжлийн сургуулиудын нэг болох багшийн сургуульд суралцдаг байна. Мөн банкны ажилтнууд, бизнесменүүд ч их сургууль тэр болгон төгсдөггүй.

Швейцарийн төрийн менежмент бүхий их сургуулийн тоо цөөхөн, арван хуруунд багтах ажээ. Алдартай сургуулиудын тоонд ордог Цюрихийн их сургууль, Санктгаллений их сургууль зэрэг 8 их сургуультай. Цюрих Лозаню зэрэг хотуудад байрлах техникийн 2 их сургууль байдаг. Эдгээр их сургуулийг төгсөгчид нь эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжилтэн, төрийн албан хаагчид, их дээд сургуулиудын багш голдуу болдог ажээ. Эсбөгөөс аль нэг бизнесийн байгууллагад удирдах албан тушаал, боловсон хүчин болж очих тул эсрэгээрээ ажлын байрны олдоц муутай болдог байна.

Харин манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсдэг. Энэ үзүүлэлтээр өндөр хөгжилтэй Швейцарь Улсын хүн амын боловсролын түвшин манайхаас хэд дахин доогуур болох нь инээдэмтэй.

Төгсөгчдийн ихэнх хувь нь элсдэг мэргэжлийн сургуулиуд үсчнээс авахуулаад, тогооч, мужаан, кассчин, худалдагч, вино эсгэгч, үйлдвэрлэгч гээд 200 хол давсан мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг байна. Жишээ нь вино эсгэгч больё гэвэл виноны үйлдвэрт ажиллаж маэстро нарыг дагалдан усан үзмийн тариалалт, хураалт, вино эсгэлт зэрэг дамжлагууд дээр дагалдан суралцана. 7 хоногт 2 удаа тосгоны вино үйлдвэрлэлийн сургалтын төвд очиж дадлага хийн усан үзмийн төрөл, тариалалт, эсгэлтийн арга ухаанд суралцдаг байна. Ийнхүү практик дадлага хийхийн зэрэгцээ онолд суралцаж маэстро болох эрхийг олж авдаг. Цаашлаад өндөр зэрэглэлийн технологи эзэмших хүсэлтэй хүмүүс зочид буудлын, тогоочийн зэрэг мэргэжлээр мэргэшлийн тусгай сургуулиудад суралцдаг. Энэ нь дээр өгүүлсэн 1 факультет бүхий дээд сургууль юм.

Энэ маэстро систем буюу шавь сургалтын систем Германд бий. Энэ системийн онцлог нь маэстро болж чадвал сургалтын менежмент хийх эрх олж авдаг. Өөрөөр хэлбэл их сургууль төгсч эрдэмтэн болохоос илүү эртхэн мэргэжлийн дадал чадвартай болж мастер болох нь тогтвортой орлого олж амьдралаа авч явах ач холбогдолтой. Энэхүү мастерын системд учир дутагдал ч бий ажээ. Тухмайлбал ресторан шинээр нээе гэхэд л хэд хэдэн мэргэшлээр мастерын эрхтэй байхыг шаарддаг тул шинээр ресторан нээх нь хүндрэлтэй. Тиймээс  уг системийг тойрсон далд “эдийн засаг” үүсэхийг үгүй гэхийн газаргүй. Мөн амьжиргааны баталгааг улам нэмэгдүүлэх, бага дунд боловсролыг зоригтой өөрчлөх хэрэгтэй гэж үзэгсэд швейцарьт цөөнгүй байна.

Швейцарийн боловсролын системийн бас нэг онцлог бол 26 мужид бүгд өөр өөр онцлог бүхий боловсролын системтэйд оршиж байна. Бага боловсролын үргэлжлэх хугацаа ч харилцан адилгүй 4-6 жил байдаг. Швейцарийн Холбооны Улсад Боловсролын сайд байдаггүй. Харин муж тус бүрийн боловсролын хэрэг эрхлэх дарга нарыг багтаасан холбоо байдаг. Юуг эн түрүүнд тавьж, ямар сурах бичгээр яаж заах асуудал муж дотооддоо шийдэх асуудал болой.

Швейцарийн муж район тус бүр өөр өөр хэлтэй, албан ёсны хэл гэвэл герман, франц, итали, роман хэл юм. Үндсэндээ боловсролын нэгдмэл тогтолцоо, удирдлага, агуулга арга зүйтэй байх боломж муутай. Харин боловсрол нь мэргэшлийн сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбоотой байдаг нь муж бүс нутгийн эрх, өөрөө удирдах ёс хүчтэй байдгийг харуулж байдаг.

Бага сургуульд хоёр дахь хэл болгож, тухайлбал герман хэлт орон нутагт франц хэлийг голчлон заах ба үүнд эцэг эхчүүд сэтгэл хангалуун бус байдаг. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд англи хэлний үүрэг роль өндөр байдаг тул англи хэлийг хоёрдогч хэл болгон заах ёстой гэж тэд үздэг.

Муж тус бүрт боловсролын агуулга арга зүйн тал дээр томоохон зөрчил үүсэх нь бий. Муж хооронд сургуульд шилжин суралцах асуудал туйлын хүндрэлтэй байдаг ажээ.

2006 оны 5 дугаар сард бүх ард түмний санал асуулгаар Швейцарийн Холбооны Улсын төвшинд боловсролын системийг нэгдмэл болгох, нэгдсэн системтэй байх асуудал хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнийг бүх ард түмний 86 хувь дэмжсэн байна. 1973 онд боловсролын нэгдсэн системтэй болох төсөл унаж байжээ.

 

Дээд боловсролыг гадаадаас

Швейцари  Улс дээд боловсролдоо гадаад орнуудад ихээхэн найдлага тавьж иржээ. Германы өмнөд нутагт мэндэлсэн Эйнштейн Цюрихын техникийн их сургуульд суралцан /ЕТН/ дараа нь уг сургуульдаа багшилж байсан билээ. Одоо ч гэсэн профессоруудынх нь ихэнх нь гадаадын иргэд байдаг, оюутнуудын дотор ч швейцарь бус үндэстэн олон байдаг.

Швейцарийн их сургууль босго өндөртэй. Элслээ ч төгсөхөд нэлээд их хүчин чармайлт шаарддаг, шаардлага өндөртэй тул маш олон оюутан 6 жил гаруй болж байж төгсдөг байна. Төгслөө ч тийм ч амар ажлын байр олддоггүй гэх мэт бэрхшээл ихтэй.

Швейцарьт магистрантурын сургалт байдаггүй тул их сургууль төгсөгчдийг мастер зэрэг хамгаалсанд тооцдог байна. 50 гаруй оюутан элсч байсан бол төгсөхдөө ердөө арваад нь төгсдөг тохиолдол цөөнгүй. Ийм төвшин өндөр байдаг нь гагц их сургууль ч бус янз бүрийн салбарын өндөр зэрэглэлийн  мэргэжлийн сургуулиудад ч адил юм.

Тухайлбал Швейцарьт дэлхийд алдартай зочид буудлын менежментийн сургууль байдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс оюутан сурагчид зорьж суралцдаг. Дэлхийн томоохон зочид буудлуудын шилдэг мэргэжилтэн, менежер, ажилтнууд эндээс төрсөн байдаг.

Ийм өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургуулиуд швейцарийн төдийгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн боловсролын гол төв болсоор байна.

Дэлхийн хөрөнгөтнүүд швейцарьт цуглардаг гэдэг яриа байдаг ба үүнээс улбаатай баячуудын цөөн хүүхэдтэй, нийтийн байрны системтэй хувийн бага дунд, ахлах сургуулиуд байдаг.Монаккогийн хунтайж, Бельгийн хааны удам угсаа гэхчлэн дэлхийн язгууртнууд, баячуудын хүүхдүүд суралцаж  төгсдөг.Тэндээсээ  дэлхийн тэргүүлэх их сургуулиудад голдуу элсдэг байна. Энэ сургуулийн сургалтын төлбөр нь жилдээ 400.000-800.000 ам.доллар байдаг ажээ.   1880 онд байгуулагдсан, 51 орны 400 орчим сурагчидтай, дэлхийн элит сургуулиудын нэгд манай монголоос ч мэр сэр хүүхдээ сургасан тохиолдол бий ажээ.

Өндөр чанартай сургалттай их сургууль, мэргэжлийн сургууль, хувийн сургууль нь олон улсын өрсөлдөх чадварт дээгүүр байр эзлэх швейцарийн брэнд боловсролын байгууллагыг бүрдүүлж байна.

 

Дэлхийд модель болсон бага сургуулийн систем Швейцарьт бий.

 

Швейцарьт бага боловсролын талаар шүүмжлэх хүн байдаг ч үнэндээ тэдний систем дэлхийд модель болж ирсэн олон зуун жилийн уламжлалтай.

18 дугаар зуунд агуу их сурган хүмүүжүүлэгч Писталоццийн /1746-1827/ сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа дэлхийн бага боловсролын түүхэнд асар их нөлөө үзүүлсэн билээ. Товчхон хэлэхэд Писталоцци бол орчин үеийн бага сургуулийг үндэслэн хүн юм.

Тэрээр бөглүү хөдөө тосгонд ядуу айлын хүүхдүүд сургуульд явдаггүй, улмаар ядуурлын эх үүсвэр бол боловсролгүйгээс болж байна хэмээн үзэж өөрөө анхан шатны бага сургуулийг тосгонд байгуулсан билээ. Бүх хүүхэд боловсрол эзэмших ёстой гэж хатуу итгэж, охидын сургууль, ядуусын сургууль, швейцарийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийг үүсгэн байгуулжээ. Энэ хүчин чармайлт швейцарийн ард иргэдийн боловсролын төвшинг өндөр өргөсөн нь эргэлзээгүй бөгөөд 19 дүгээр зуунд швейцарь улс боловсролын сайн системтэй улс орны тоонд зүй ёсоор багтаж ирлээ.

Би энд нэг сонин түүхийг дурдъя. 1871 онд /Мэйжийн 4-р он/ Японы Засгийн газраас 2 жилийн хугацаатайгаар Мэйжийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс, соён гэгээрүүлэгч, эрдэмтдийг багтаасан группийг томилж европ, америкийн 12 улс орнуудаар танилцах аялал зохиосон юм. Ивакүра Томоми /1825-1883 он/ хэмээх улс төрчийг тусгай бүрэн эрхт элчин сайдаар томилж группийг ахлуулан Америк, Англи, Герман, Орос, Австри, Швейцарь зэрэг арав гаруй орны боловсролын системийг их л чамбай судалж иржээ. Япончууд болсон хойно архи дарс, дэлгүүр хоршоо эргүүлж яваад ирээгүй нь лавтай. Японы лидерүүд Мэйжийн улс гэрээ төвхнүүлэх үнэтэй санал сэдлийг чухамхүү эндээс олж, юуны өмнө эдгээр орны боловсролын системтэй туйлын нягт танилцсан байдаг.

Буцаж ирээд тайландаа Швейцарь Улсын боловсролын системийг “Боловсролын хэрэг эзэндээ хамгийн сайн хүрч байгаа газар” гэж тодорхойлоод “Улс орон цэцэглэн хөгжих эсэх нь газар нутгийн том, жижиг, газрын баялгийн их, бага, хүн амын олон, цөөнөөс хамардаггүй, гагцхүү хичээнгүй шаргуу хөдөлмөрлөх хүчийг хэн хаана яаж зохион байгуулж байгаагаас хамаарч байна, үүнийг шийдвэрлэх хамгийн чухал зүйл улс орны боловсролын систем байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Хөгжил цэцэглэлт боловсролоос, тэр дундаа мэргэжлийн боловсролоос эхтэй ажээ. Монгол Улс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2005, 2006 онуудад л гэхэд тус бүр 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Мянганы хөгжлийн сорилын сангаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах болсон. Гэвч эдгээр хөрөнгө оруулалтыг хичээлийн болон дадлагын байрыг засах, тоног төхөөрөмж авах төдийгөөр хязгаарлалгүй системээ засварлах, тархины хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн боловсролыг мэргэшүүлэхэд  чиглүүлбэл яасан юм бэ?


Сэтгэгдэл үлдээх

16:06 , 2018-10-09 .. Бичсэн: Зочин
Одоогоос арван жилийн өмнө ийм блог хөтөлж байсан ч орхисон юм. Одоо сэргээдэг ч юм бил үү гэж бодох. О.Ж

17:50 , 2012-11-21 .. Бичсэн: ulzii (зочин)
Yostoi heregtei medeelel bn
mongoldoo iim systemiig
mongolchlood suurshuulnaa
ireeduid

02:44 , 2012-03-14 .. Бичсэн: Зочин
tand bayarlalaa


23:19 , 2010-10-16 .. Бичсэн: Зочин
bayrlalaa saihan unen zuv medeelel baina

17:51 , 2010-09-29 .. Бичсэн: Зочин
sain bna. ayataihan bichij алга ташилт

17:51 , 2010-09-29 .. Бичсэн: Зочин
алга ташилт

13:28 , 2010-07-02 .. Бичсэн: Зочин
Сайхан юм бичжээ.

22:30 , 2009-03-09 .. Бичсэн: Зочин
nerd loser

21:20 , 2008-12-22 .. Бичсэн: ketchup (зочин)
сонирхолтой мэдээ байна. боловсролын асуудал манайд нэлээд хөндүүр сэдэв шүү.

20:33 , 2008-12-22 .. Бичсэн: Зочин
happy

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax