Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Хуучны хүний сэтгэл

Сэтгэл санаа үймрээд ирэхээр би глобус эргүүлдэг юм. Доор өгүүлэх зүйл иймэрхүү маягийн яриа юм л даа.
Азийн Их сургуулийн профессор (монгол судлалын) –ынд саяхан монгол өвгөн иржээ. Эсгий малгай духдуулж, монгол дээл өмсөж, хөлөг онгоц мэт ээтэн хоншоортой монгол гутал угласан, тал нутгаасаа шуудхан гараад ирсэн үү гэмээр их л цовоо цолгин хүн байлаа. Гэнэтийн үл таних гийчин бөлгөө. Өвгөн Төмөр гэе.
Залуудаа тал нутгийн нэгэн бага сургуулийн захирал байсан агаад ажлаа өгснөөсөө хойш далайн төвшнөөс 3000 метрийн өндөрт буй Монголынхоо өндөрлөг тал нутагт хонь хариулж буй аж. Үдэш нь гэртээ одот тэнгэрийн дор унтдаг бөлгөө. Өөрөөр хэлбэл монгол хүний жаргалан тэр юм.
Койбүчи профессорын гэр хавиар хэдэн үеийн өмнөөс Мүсашиногийн төгөл байдаг байлаа. Одоо орон сууцны хороолол болжээ. Төмөр өвгөн автобуснаас буугаад тэдний гэрийн хонхыг дарлаа. “ Японыг үзье гэж бодоод” гэж өвгөн ярив. Далиманд нь далайг ч үзмээр байна гэв. Кэйко эзэгтэй гайхсан хэдий ч энэ гэрийн хоёр хоёул уужуу сайхан сэтгэлтэй хүмүүс учир ёсоор болгожээ. Өвгөн тэднийд сар гаруй байлаа.
Үнэндээ бол мань өвгөн Улаанбаатарт их сургуульд япон хэл үздэг охинтойгоо иржээ. Онгоц газардах үеэр цонхоор нь Токиогийн шөнийн далай цэлийж харагдав.
Өвгөн ширтэн харж байлаа. Монголчуудын ихэнх нь амьдралдаа далай үзэлгүй хальдаг билээ. Өвгөн далайн давалгаан дээгүүр загас агнуурын дэнлүү энд тэндгүй тархсаныг хараад “Үгүй ер энэ тэнгэрийн ододын гэгээ далайд тусаад байна уу даа” гэж охиноосоо асуужээ. Хүн гэдэг амьтан харь нутагт очихоороо өөрийн эрхгүй шүлэгч болдог юм уу даа.
Иддэг хоол хүнсээ аваад иржээ.
Хоёр хонь авчирч нэгийг нь Койбүчи профессорынд өгчээ.
- “Хонь хөтлөөд ирсэн гэж үү?”
- “Үгүй, махыг нь шуузлаад иржээ, нэг хонины мах гэхэд л тохойндоо өлгөөд явах хэмжээний болдог юм байна”
Хонины махаа сайн буцалгаад хатааж, жижиглэж үйгээд дахин хатаагаад жижиг уутанд чигжээд хийдэг. Идэхдээ хутгаар хэгзлэн, буцалж буй гурилтай шөлөнд хийгээд иддэг аж. 13 дугаар зуунд Чингис хааны байлдан дагуулалтын үеийн цэргийн хүнс ч ийм байсан билээ. Би түүх бичлэгээс ийм яриаг бахархан уншсан, мэддэг байсан ч одоо хүртэл энэ хэвээрээ гэдгийг нь харин огт мэдээгүй явжээ.
Монгол хүн ихэнхдээ загас иддэггүй ч Койбүчигийн гэрийн оройн хоолонд үе үе загас өгч байлаа. Өвгөн нэлээд цааргалах хэдий ч идэж байв.
“Ямартаа ч сурах нь зөв” гэсэн гэдэг. Хойт насанд юмыг яаж мэдэх вэ Япон хүн болоод төрчихөж юуны магад. Тийм болохоор өвгөн дасгал сургууль хийж байгаа нь тэр ажээ.
Монгол хүн эрт дээр үеэс тал нутгийн шалбааг уснаас ихээхэн цэрвэдэг. Учир жанцанг нь сайн мэдэхгүй юм, гэхдээ Японы “Кожики” (Манай эриний 712 онд бичигдсэн японы эртний 3 боть түүхэн сурвалж бичиг, орч)-д шалбааг усанд мангас байдаг (үнэндээ шалбааганд нян байдаг) гэдэгтээ агаар нэг байж болох юм.
Усанд ордоггүй нь ч учир нэгтэй байж магадгүй .Мэдээж тал нутаг сэвэлзүүр хуурай агаартай. Хир буртаг шууд хатаж, түүнийг нь салхи хамаад авч оддог. Өдөр бүр салхи, агааран усанд орчихдог гээд ойлгоход болно.
Гэвч чийг ихтэй Японд байгаа болохоор усанд орсон нь дээр гэж Койбүчи профессор зөвлөв. Өвгөн Төмөр “Үгүй ээ” гэж татгалзжээ. Усанд орох газар шалбааг устай агаар нэг аж. “За тэгвэл ядаж шүршүүрт ор доо” гэхэд арай гэж зөвшөөрчээ.
Гэхдээ тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд шудран эргүүлж байснаа “Өнөөдөр базаахгүй өдөр байна” гээд инээмсэглэсэн гэдэг.
Өвгөнийг профессор дагуулан далайг ч, Фүжи уулыг ч үзүүлэв. Фүжи уулын бараа харагдах толгойд ирэнгүүтээ өвгөн бохирч суугаад хад чулуу мэт хөдөлгөөнгүй болов. Удалгүй жижигхэн бойпор гаргаж ирээд өвсөн дээр тавьж, хараа бараа Фүжи ууланд зориулан сан тавьлаа. Профессорын нүдэнд нулимс хураад ирэв. Фүжи уул ч гэсэн энэхүү эрт цагийн сэтгэл өвөрлөсөн хүнтэй уулзаж учраагүй хэдэн зуун жил болсон бизээ.
Япон хэлнээс орчуулав.
Улаанбаатар, 2006 оны 2 дугаар сарын 12

Сэтгэгдэл үлдээх

11:13 , 2012-09-08 .. Бичсэн: Би зүгээр л бичмээр байна
Жинхэнэ Монгол өвгөн байна даа, би саяхан гэр бүлийнхэнтэйгээ хөдөө явсан юм, ер нь огт явж байгаагүй гэхээр хүн гайхах байх л даа, гэхдээ үнэн, /Төв аймаг/ талын салхи нэг л сайхан байсан хамгийн ариун агаар л ийм байдаг байх гэмээр, тэнд бас нэг ийм өвгөн /ах/ байсан. Тэр айлын гэрийн эзэн л дээ нас нь тавь хүрээгүй хэрнээ их оворжуу, гэхдээ яриа ухаан нь яг л Монголоороо үлдсэн хүн шиг санагдсан, хөдөө л жинхэнэ хүн чанар хүний мөс, эвдрээгүй Монгол байна даа гэж бодогдсон шүү, хүүхдүүд нь ч гэсэн нэг тийм хээгүй яг л байгаагаараа, бидэнд утсаа өгөөд дуртай үедээ ирж байгаарай гэсэн, гэтэл хотын бид гэртээ хүн оруулах ч дургүй байдаг, сонин шүү.

{ Сүүлийн хуудас } { 49 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax