Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 2

20:22 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүлцэнгүй дагалдсан гэрээг хүч тэнцүү болгон өөрчилсөн нь

Сүүлд мэдсэн билээ. 1951 оны Сан Францискогийн Эвлэрлийн гэрээтэй хамт батлагдсан Япон-Америкийн аюулгүй байдлыг хамгаалах гэрээнд Америкийн зүгээс Японыг хамгаалах гэсэн батлан хамгаалах үүргийг тодорхойлсон бүлэг байгаагүй юм. Үүний өмнөх шатны тохиролцооны гэрээнд  ч мөн байхгүй. Ийм атал Америк Японд цэргийн баазаа чөлөөтэйгээр байгуулахаар болсон байв.

Түүгээр зогсохгүй Японд дотоодын үймээн самуун болоход Америкийн цэрэг шууд орж ирэх, Америк хүн гэмт хэрэг хийсэн нөхцөлд Японд байцаан шийтгэх эрх байхгүй зэрэг тусгаар улс гэхэд  нэр төдий, хүлцэнгүйгээр дагалдсан тийм гэрээг байгуулсан байжээ. Түүгээр барахгүй  гэрээний мөрдөгдөх хугацаа хугацаагүй байжээ.

Өвөг эцэг маань ийм нэг талыг барьсан гэрээг эрх тэгшид ойртуулж, юуны өмнө тусгаар улсын зүгээс тавигдах ёстой шаардлагыг хангахаар зүтгэсэн билээ. Одоо бодож байхад Япон Америкийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Японыг биеийг нь даалгаж хөл дээр нь босгох хэмээх, улс төрчийн хувьд тэр үед бодоход бэрх, туйлын бодитой арга хэмжээ авч байжээ.

Өвөг эцэг маань намайг бага балчир байхын л улс орныхоо ирээдүйн төлөө юу хийх ёстойг үргэлж бодож, сэтгэж байсан чин хичээнгүй улс төрч байж ирсэн билээ. Тийм атал хүмүүсийн элдвээр хэлэх тэр зовлонгийн нөгөө талд тийм бардам, амирлангуй тайван байгаад нь би дотроо бахархдаг байлаа.

Андуураад байгаа нь аюулгүйн гэрээг эсэргүүцэгсэд бус уу. Он цаг улирахын эрхээр би ингэж боддог болсон юм.

Тухайн цаг үед амьдарч ирсэн түмний нүдэн дээр түүхээ эргэж нэг харюу

Миний оюутан болсон хойно ч шинэчлэл сайн, уламжлал муу хэмээх олон түмний уур амьсгал ердөө ч хувирч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л бахь байдгаараа хэвлэл мэдээлэл ч, эрдэмтдийн хүрээ ч, онолын талбарынхан цөм л  шинэчлэлийн талынхныг дэмжиж түшиж ирсэн. Харин энэ үед консерватив маягийн сэтгүүл гарч эхэлж, сонинд Фүкүда, Эндо зэрэг консерватив үзэлтэй хүмүүс бичдэг тусгай булан бий болсон бөгөөд бага зэрэг өөрчлөгдөж байна уу даа гэмээр болж ирэв. Тэдний бичиж буй зүйлд тэр үеийн уур амьсгалд нийцэх бодол сэтгэлгээ, түүхэн үзлээс өөр үзэл санаа цухуйж байгаа нь миний сонирхлыг татаж байв. Юуны өмнө орчин үеийн түүхийн тухайд тэр юм. Ер нь түүхийг хялбархнаар сайн муу хоёр туйлд хувааж шийдэж болно гэж үү. Тэр цаг үед би ийн хялбархнаар төсөөлдөг байлаа. Тухайлбал олон түмний санаа бодол удирдагч хоёрын хоорондын харилцааны талаар дээр өгүүлсэн дайнаар жишээлэн авч үзвэл энэ бол цэргийнхний зоргоор явдал гэсэн ганц үгээр асуудлыг шийдэх явдал олонтоо байдаг. Гэвч үнэхээр тийм гэж үү. Мэдээж хэрэг цэргийнхний дур зоргын явдал бодитой байх ч, түүнээс том хариуцлага нь тэр үеийн удирдагчид байгаа. Гэхдээ Шёовагийн 17, 18 оны сонинуудад (1942, 1943 он, орч) “үхэх сэхэхээ үзэн тулалдая” хэмээх гарчиг олонтоо үзэгддэг Их гүрнүүд Африк, Азийн колонийн газар нутгийг эрхшээлдээ оруулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаагаад ард нийтийн ихэнх нь цэргийнхнээ дэмжиж байдаг бус уу. Зуун жилийн өмнө Япон-Оросын дайны үед ч адилхан байсныг хэлж болно. Ядуу зүдүү амьдралаа тэвчин байж дайнд ялсан тэр үед ард түмэн маань Оросоос дайны томоохон мөнгөн төлбөр, газар нутгийн хувь олдоно гэж итгэж байсан ч Подстамын эвлэрлийн меморандумаар ганц ч зоосны мөнгөн төлбөр оногдоогүй билээ.

Энэ үед Япон дампуурлын ирмэгт хүрч, дайныг үргэлжлүүлэх нь бараг л бололцоогүй байв. Ийм бодит байдалд уг мөнгөн төлбөрийг авах хүртлээ уйгагүй харилцах хүч хүртэл байгаагүй юм. Гэтэл сэтгэл гонсгор ард түмэн мөнөөх дипломат ёсны халуун цэг дээр ажилласан Гадаад хэргийн сайд Комүра Шин Тарогийн “үлбэгэр байдал” ийм байдалд хүргэсэн хэмээн буруутган газар бүр “эвлэрлийн гэрээг эсэргүүцэж байна” хэмээн шаагилдаж, үймээн самуун дэгдээж байсан билээ. Комүра ч үймэгчдийн халдлагад өртсөн билээ.

Ард түмний иймэрхүү байр байдлыг туйлын тэнэг хэрэг гэж таягдан хаях нь зөв бус уу? Ард олны зүгээс авч үзвэл тэр үед төр засгийн хувьдс улс орныхоо нөхцөл байдлыг тэдэнд мэдээлж байгаагүй учраас мэдээжийн хэрэг юм. Нөгөө талаас төр улсын хувьд ч  хүмүүсийн иймэрхүү санаа бодлыг ашиглаж байсан тал байхгүй гэж хэлж боломгүй. Олон түмний хатуу байр сууриар бамбай хийж, нөгөө талтай харилцана гэдэг дипломат ёсонд нэлээд хэрэглэгддэг арга болохоор тэр юм. Түүх гэдэг нь сайн муугаар нь таслан хувааж болох тийм амар хялбар зүйл биш билээ.

Энэ л улс оронд төрж өссөн болохоор миний бие энэ л орондоо итгэлтэй амьдармаар байна.

Иймийн тулд өвөг дээдсийнхээ чин хичээнгүй амьдарч ирсэн цаг үед бодол санаагаа бэлчээхийн хэрэгцээ байгаа бус уу. Тэр цаг үед амьдарч ирсэн ард түмний үзэл санаагаар чин сэтгэлээсээ түүхээ эргэн харж эргэцүүлэн үзье. Чингэх нь зүй ёсны,нэн чухал хэрэг бус уу.

Оюутан байхаасаа би ийн бодох болсон билээ. Ингэлээ гээд миний бие их дуугаар “консерватив үзэл” хэмээн бархирах санаа байхгүй.Миний хувьд консерватив үзэл гэдэг идеологи бус, Япон улс, япон хүний тухайд эргэцүүлэн бодох төлөв байдал минь юм гэж  би боддог.

Эдүгээ хийгээд ирээдүйн тухайд мэдээж хэрэг, үүнээс гадна бас улиран  одсон цаг үед амьдарч ирсэн хүмүүсийн тухайд ч хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл зуун жил, мянган жил хэмээх Японы урт удаан түүхийн дотор өсч бойжиж ирсэн уламжлалыг яагаад хадгалж хамгаалж ирсэн тэрхүү “фүрү денто” маягийн ухамсарлалыг ямагт үргэлжлүүлэх явдал л консерватив үзлийн оюун санаа мөнөөсөө мөн бус уу гэж  би боддог.

Либерал ардчилсан нам юуны тул буй болсон тухайд

За тэгвэл миний харъяалагдаж буй одоогийн ЛАН ийм консерватив үзэлтнүүдийн идеал өвөрлөгчид цугласан улс төрийн хүчин үү гэвэл бас тийм бус юм. Социалист үзэл санаатай ойрхон сэтгэдэг хүмүүс ч холилдон багтсан, үүд хаалга өргөнтэй ард түмний нам гэж хэлэхэд төвдөхгүй байна. Яагаад гэвэл ЛАН үүсэн байгуулагдсан цагаасаа колемунизмыг үгүйсгэдэг л бол хэн ч байсан эгнээндээ багтааж байсан улс төрийн нам болохоор тэр юм.

Одоогоос тавь гаруй жилийн өмнө буюу 1955 онд Сан францискогийн эвийг сахиулах гэрээ батлагдсаны дараахан тэмцэлдэн сөргөлдөж байсан Ёшида ... тэргүүлж буй Чөлөөт нам болон Какияма Ичирогийн тэргүүлж байсан Японы Ардчилсан нам хэмээх хоёр ч консерватив нам өөр өөрийн амбицаа даран байж нэгдэн чөлөөт ардчилсан нам (ЛАН, орч) хэмээх улс төрийн нам мэндэлсэн юм.

Тэр үед шинэчлэгч улс төрийн нам болох социалист намын өсөлт төлжилтийн хурдцыг сэрж мэдэрсэн тэр мэдрэмж ч уур амьсгалд нөлөөлсөн бөгөөд нэгдэх үйл явцын тухайд үүнээс гадна 2 томоохон шалтгаан байсан билээ.

Нэгдүгээрт, консервативизмын сүр хүчин хүчээ нэгтгэж дайнд доройтож унасан эдийн засгаа сэргээе гэсэн үзэл юм. Дайнд ялагдаад арав шахам жил ч болоогүй, Япон хүн туйлын хүнд бэрх амьдралыг туулж байлаа.

Юуны өмнө үнс нурман хээр тал болж хувирсан хоттой хүнс хоол ч үгүй, оромж сууц ч үгүй, өмсөх зүүхээр дутагдсан ард иргэдтэй, дайны өнчин өрөөсөн хүүхдүүдийг аварч тойлох ажил ч, томчуудын өдөр хоног өнгөөрөх явдал ч дөнгөн данган байсан билээ.

1950 онд болсон Солонгосын дайны тусгай хэрэгцээ (Япон дахь Америкийн цэрэг армийн тус улсад явуулж буй эд материал, ажил үүргийн тусгай хэрэгцээг хэлж буй бололтой, орч)-ний улмаас удаж төдөлгүй сэргээн босголтын уяа оосорыг барин авсан хэдий ч ард иргэдийн ахуй амьдрал тийм ч өөдөлж дэвжиж чадаагүй байлаа. ЛАН-төрж мэндлэхийн урд жил буюу 1954 он (Шёовагийн 29 он)-ы Токиод 500 мянган ажилгүйчүүдээр дүүрсэн байв. Тэр жилийн “Орон сууцны цагаан ном”-нд бичсэнээр бол “хотын иргэдийн 1 хүнд оногдох орон сууцны талбайн хэмжээ 3.2 жёо байв” гэж тэмдэглэгдсэн байна.

Япон тусгаар тогтнолоо эгүүлэн авах зорилго

Консерватив хоёр нам нэгдсэний бас нэг шалтгаан бол Япон жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо эргүүлэн авах явдалд байлаа.

1951 оны Сан францискогийн эвийн гэрээг батласнаар өнгөн дүр төрх дээр Засаглалын эрхээ сэргээсэн хэдий ч дайны дараах Японы байр байдал Үндсэн хууль мэдээж хэрэг боловсролын чиг хандлагын суурь үндэс болох “Боловсролын суурь хууль” хүртэл тоталитор цаг үед зохиогдсон эд байлаа.

Үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүмүүс идеалист маягийн онгодоор дүүрэн байсан нь бодитой ч холбоотны цэргийнхний цаад хүсэл зорилго эхнээсээ Япон улс дахин хүчирхэгжиж толгойгоо өндийлгөхгүй байхын үүднээс хөл гарыг нь хүлэх явдал байсан билээ.

Улс орны маань араг яс Японы ард түмэн өөрсдөө өөрсдийн гараар хов хоосноос эхлэн бий болгохоос үүдэх ёстой. Тэгж  гэмээнэ жинхэнэ тусгаар тогтнолоо эргүүлэн авч чадна. Тэр хүртэл хоорондоо хонь чоно мэт байсан хоёр болох Либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга Ооно Банбүкү, Японы Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Мики Бүкичи нар гар гараасаа барилцсан нь үүнээс үүдэлтэй.

Либерал, Ардчилсан 2 нам нэгдсэний бас нэг үзэл санаа нь “биеэ даасан үндсэн хуулиар батлах явдал хүлээн зөвшөөрөгдөж байх агаад тэрхүү зорилгыг гүйцэлдүүлэхэд парламентын гишүүдийн гуравны хоёроос дээш санал шаардлагатай байсан нь ч нэгдэх шалтгаан болж байв. Үнэндээ үндсэн хуулийг шинэчлэн батлах нь өөрөө “тусгаар тогтнолоо эргүүлж авах”-ын бэлгэдэл бөгөөд нэн тодорхой жишээ болж байсан билээ.

Түүнээс хойш 50 жил ЛАН Засгийн эрх баригч улс төрийн намын хувьд нэгдүгээр зорилтоо өндөр хурдацтай эдийн засгийн өсөлтөөр гайхамшигтай биелүүлсэн гэж хэлж болно.

 Харин 2 дахь зорилт арагш орхигдсон юм. Ээлж дарааллын хувьд байж болох зүйл байж магад ч түүний үр дүнд гарз хохирол ч бас үзэгдсэн билээ. Гарз хохирол, олз ашиг нь үнэлгээний хамгийн чухал стандарт болж, гарз, олзыг даван гарах үнэ цэнэ тухайлбал гэр бүлийн хэлхээ, өсч төрсөн нутаг усандаа хандах дотносол, эх орондоо хандах сэтгэл таягдан орхигдох болсон юм.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 41 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax