Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Бушидо

20:52 , 2007-09-18 .. Бичигдсэн: Япон орны тухай .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
БҮШИДО
Bushido, the soul of Japan

ТЭРГҮҮН БҮЛЭГ
БҮШИДО, ЁС СУРТАХУУНЫ СИСТЕМ БОЛОХ НЬ

Бүшидо(самүрайн ёсон, орч) нь өөрийн бэлгэдэл болох сакүра цэцэг лүгээ адил Япон орны өвөрмөц цэцэг билээ. Эртэн цагийн хагдарсан суртахуун болж, манай улсын түүхнээ шарласан навчтай адил хорчийн хатаагүй юм. Харин ч одоо хүртэл бидний дунд эрч хүч, эрхэм сайхан сэлтийг амилуулах оршихуй билээ.
Тэрээр гарт баригдах хэлбэр дүрс үгүй ч гэлээ, түүнээсээ үл хамааран ёс суртахуунлиг үнэр ханхлуулан, бидэндээ одоо ч гэсэн хүчирхэг захирахуйн уг үндэс гэдгээ байнга мэдрүүлж байдаг. Түүнийг төрүүлж бойжуулсан нийгмийн байдал төрх арилж алга болоод нэлээд удаж байна.Гэхдээ л эрт цагт байж л байсан, одоо ч буй алс холын одод бидний дээрээс гэгээ гэрлээрээ гийгүүлж байгаан адилаар, феодалын системийн хүү болох самүрайн ёсны гэгээ, эх нь болох феодалын систем амь тавьсны дараа ч амьд үлдэж, одоо хүртэл бидний ёс суртахууны зам мөрийг гэрэлтүүлсээр байна. Европын хувьд бүшидотой ахан дүүс болох кишидо (дундад зууны үеийн морьтон дайчдын ёсон, орч)-гийн тавилан амь тавьж, мартагдах болсон үед Edmund Burke (1729-1797 онд амьдарч байсан Английн улс төрч, бичгийн хүн, орч)авгай зайлуул түүний авсан дээр мөнөөх алдартай сэтгэл хөдлөм магтаалын үгээ урсгаж гарсан билээ. Одоо түүний эх хэл болох англи хэлээр энэхүү асуудлын талаар үгээ хэлэх нь миний хувьд нэн таатай хэрэг.
Ерөөс зүүн Азийн талаарх мэдлэг мэдээлэл гасламаар ядмаг нь Жорж Милл доктор шиг бүр байтлаа докторын зэрэгтэй эрдэмтэн хүн хүртэл кишидо эс бөгөөс түүн лүгээ төрөл адил систем эрт цагийн ихэнхи үндэстэн, орчин цагийн дорныхны дунд эрт дээр цагаас ер байгаагүй хэмээн барим тавим өгүүлж байгаагаас харж болох юм.
Гэсэн хэдий ч энэхүү үл мэдэхэд тал өгөх учир шалтгаан бас байнаа. Юу гэвээс мань сайн доктор гуайн номын гурав дахь удаагийн хэвлэл нь Перри Матвей манай улсын хаалттай байх төрийн бодлогын хаалгыг тогшсон тэр жил хэвлэгдснээс тэр юм. Түүнээс хойш арав гаруй жил улирч, манай улсын феодалын систем сүүлчийн амьсгалаа хурааж байсан үед Карл Маркс ,,Капитал,, -даа феодализмын нийгэм улс төрийн системлэг судалгааныхаа өвөрмөц тааллаар тэр цагийн феодализмын амьд хэлбэр бол гагц Японд байдаг хэмээн бичиж уншигчдын анхаарлыг ихэд татсан билээ. Миний бие ч нэгэн адил барууны түүх, ёс зүй судлаачдад орчин цагийн Японы бүшидог судлахыг зөвлөж байна.
Европ болон Японы феодалын систем, кишидогийн түүхэн харьцуулсан онол сонирхолтой зүйл боловч нарийн ширийн юм руу орох нь уулаасаа энэ номын зорилго бус юм. Миний сонирхол нэг дүгээрт манай бүшидогийн уг гарвал, эх ундарга, хоёр дугаарт онцлог шинж болон дасгал сургууль, гурав дугаарт түмэн олонд нөлөөлөх нөлөөлөл, дөрөв дүгээрт тэрхүү нөлөөллийн уламжлал, уламжлалын хадгалагдах шинж зэргийг өгүүлэхэд оршиж байна. Үүн дотроос нэг дүгээрхийг товч, тодорхой өгүүлээд зогсох юм. Эс тэгэвээс миний бие уншигч таныг манай улсын түүхийн даялуу зам руу хүртэл хөтлөх болно. Хоёрдугаар асуудлыг ялимгүй нарийвчлан өгүүлнэ.Олон улсын ёс зүйн ухаан хийгээд харьцуулсан характер судлалын эрдэмтний хувьд манай улсын ард түмний оюун санаа үйл ажлын арга зүй Та бүхний сонирхлыг татах болов уу. Үлдсэн асуудлыг хажлага болгон авч үзнэ.
Миний бие багцаагаараа chivalry хэмээн оноогоод байгаа япон үг нь уул язгуур гарвалаараа horsemanship зэрэг нэлээдгүй утгатай. Бүшидо нь ханз үсгийн шууд утгаараа самүрайн ёсон, зам мөр өөрөөр хэлвэл самүрай хүн өөрийн ажил хэрэгтээ, өдөр тутмын амьдралдаа сахих ёстой ёс жаягийг хэлж байна. Нэг үгээр хэлвэл ,, самүрайн дэг жаяг,, буюу самүрай давхаргын нийгмийн үүрэг хэриуцлагыг илэрхийлж буй юм.
Ийнхүү үсгийн утгыг тодорхой болгосны дээр сая уул үгээр эл үгийг оноон хэрэглэхийг хүлцэн зөвшөөрүүльюү.
Уугуул үгийг хэрэглэх нь бас өөр төрлийн учир шалтгаанаар ч аятайхан байна. Ийнхүү тов тодорхой, тусгайлаг өөрийн гэсэн ялгаа шинжтэй, өвөрмөц сэтгэлгээ болоод араншингийн хэв янзыг төрүүлэн, түүн лүгээ адил нутаг орны маягийн сургааль, өвөрмөц бэлгэ тэмдгийг нүүр царайндаа тохож байх хэрэгтэй байна. Ерөөс үндэстний өвөрмөц чанарыг туйлаас тов тодорхой илэрхийлж байдаг хоёр гуравхан үг л ард түмний хөг аялгууг авч явдаг тул хамгийн сайн орчуулагч ч байсан мөн чанарыг буулган гаргахад бэрх агаад заримдаа толгой даан зүй бусыг нэмж хачирлах нь ч бий. Хэн герман хэлний gemuth гэдэг үгийн утгыг сайн оноож чадаж байна вэ, англи хэлний gentleman , франц хэлний gentilhomme нь утгын хувьд нэн ойр.Гэсэн ч энэ 2 үгний утгын ялгааг хэн хүн мэдрэнэ гэж үү.
Бүшидо нь дээр өгүүлсэн ёсоор ёс суртахууны үндсэн элементийн журам дэг бөгөөд самүрайн сахих ёстой зүйлийн шаардлага, эсбөгөөс зайлшгүй суралцах ёстой тэр зүйл нь юм. Гэхдээ цаасан дээр бичигдсэн албан ёсны хууль бас биш. Амнаас ам дамжин, эс бөгөөс алдар цуутай самүрай нарын, эрдэмтийн бийрээр дамжигдан ирсэн цөөн хэдэн сургааль үгэнд байгаагаас ер хэтрэхгүй. Тэр ч байтугай ам, бичгээр бус сэтгэл зүрхний угт хууль болон хадгалагдах нь ч олонтой. Үг хэл бичиг номоор дамждаггүйнхээ хэрээр үйл ажил болон хэрэгжиж, хүчирхэг нөлөөгөө хүлээн зөвшөөрүүлж байдаг ажээ. Энэ нь хэчнээн чадвартай хэн нэгэн хүний толгойдоо зохиосон зүйл бус, хөлгүй нэр алдартай хэн нэгэн хүний аж амьдралын уг сурвалж ч бус, ерөөс хэдэн зуун жил дамжиж ирсэн самүрай амьдралын организмын хөгжил юм.
Ёс зүйн түүхэнд эзэлж буй бүшидогийн байр суурь бол лавтайяа улс төрийн түүхэн дэх Английн үндсэн хуулийн эзлэх байр суурьтай зангаргаараа адил бөлгөө.

Гэхдээ бүшидод ,,Magna Charta,, эсбөгөөс ,, Habeas Corpus Act,,-тай дүйцэх хэмжээний хууль эрхийн акт үгүй билээ. 17 дугаар зууны эхээр ,, Бүкка шёо Хатто,, ( цэргийнхний бүрэн эрх, орч ) хуульчлагдсан нь бодит баримт юм. Гэвч энэхүү баримт бичгийн 13 зүйл тэр чигээрээ тэдний гэрлэлт, аж төрөх хэрэм цайз, бүлэглэлтэй холбоотой зүйл байх бөгөөд дасгал сургуулилтын дэг журам нь өчүүхэн төдий тусгагдснаас цаашгүй. Түүнээс гадна тодорхой баттай цаг хугацаа, орон зайгаар ,, энд л булгийн эх ундарга байгаа ,, хэмээн хэлж чаддаггүй. Дээрх зүйл зөвхөн л феодализмын үед өөрсдөд нь мэдрэгдсэн зүйл тул цаг хугацааны нэгэн хэсэг, түүний уг гарвал нь феодализмтай өөртэй нь адилхан зүйл гэж үзэх нь дээр болов уу. Харин феодалын систем өөрөө олон утсаар хэрэгдэн бүтсэн болохоор бүшидо ч тэр аалзны тор мэт ээдрээт мөн чанарыг хадгалж буй юм.
Английн феодализмын улстөрийн гол гол систем Норманы байлдан дагуулалтын үед гараагаа эхэлсэнтэй адил Японд тэрхүү эхлэл 12 дугаар зууны сүүлээр Ёритомогийн засаглалын үетэй давхцаж байна. Бас англичуудын хувьд феодалын нийгмийн гол гол элементүүдийг Вилльямын засаглалаас урагш өгсөөж болдогтой адил Японы феодализмын соёо дээр өгүүлснээс өмнө оршиж байжээ гэж хэлж болох юм.
Европтой адил Японд ч феодалын нийгэм албан ёсоор бүрэлдээд ирэнгүүт мэргэжлийн цэргийнхний анги давхарга аяндаа сүр хүчийг олж иржээ. Тэд самүрай болж олноо танигдах болсон билээ. Энэхүү бүши хэмээх үгийн утга нь англи хэлний хуучны үг болох cnith( knecht, knigt) лүгээ адил харуул, хэвтүүл эсбөгөөс дагуул гэсэн утгатай бөгөөд Кайзер Aquitania-д буй хэмээн тэмдэглэсэн байдаг soldurii, эсбөгөөс Такитусаас үзэхэд Германы захирагчид бараа болох comitati,цаашлаад дундад зууны түүхэн дэхь Европынхны milites medii-тэй түүний мөн чанар адилхан билээ.
Ханз үсгийн бүка эсвэл бүши хэмээх үг жирийн хэрэглэгдэх болжээ. Тэд тусгай эрх хүчтэй, анги давхарга байж, эхнээсээ дайн тулаанаар мэргэжсэн, бүдүүлэгдүү угшилтай байсан бололтой.Энэ давхаргынхан урт удаан хугацаагаар үргэлжлэх дайн байлдаанд байнга оролцохдоо тэдэн дотроос хамгийн эрмэг зоригтой, хамгийн адал явдалтай хэсэг нь хар аяндаа цугларцгааж, бас байгалийн шалгарлын процесийн хэрээр зориг мохож, зүрх алдсан зарим нөхөд гээгдэн хаягдаж, Эсманы үгээр бол ,, үнэнхүү эр хүн шиг, араатан амьтан адил хүчтэй, догшин зэрлэг бүлэг,, төдий нь үлдэж, тэр нь самүрайн овог, бүлэглэлийг үүсгэсэн ажээ.Их алдар нэр, эрх дархаас шалтгаалсан том хариуцлага үүрэхийнхээ хэрээр тэд үйлдэл аягийнхаа нийтлэг хэм хэмжээ зүй ёсоор шаардагдаж байгааг ухаарчээ. Тэд хэзээ ямагт дайчдын байр сууринд байж , бас жир бусын хүнд харъяалагдах тул тэрхүү хэрэгцээ шаардлага тулгамдаж байсан юм.
Яг л эмч хүн эмч нартайгаа тулваас мэргэжлийн ёс зүйгээрээ хязгаарлагдаж байдаг лүгээ адил, бас өмгөөлөгч хүн хуулиа зөрчвөл мэргэжил нэгтний шүүн хэлэлцэх хурлаар хэлэлцэгдэх жамтай адилаар самүрай ч ёс бус үйлдлийнхээ тухайд эцсийн шүүлтийг хүлээх ёстой ямар нэгэн хэм хэмжээ байхгүй бол болохгүй байлаа.
Дайн тулааны шударга тоглоом...
Бүдүүлэгдүү хийгээд хүүхдэрхүү гэнэн дунд асар баян ёс суртахууны соёо нуугдаж байдаг ажээ.
Энэ бүхэн нь эр цэргийн эрдмийн суртахуун талынх нь үндэс бус уу.,, Багад дээрэлхэж, томоос далидараагүй хүн гэдэг нэрийг хойч үедээ үлдээмээр байна,,гэсэн Английн Том Брауны хүүхдэрхүү хүслийг сонсоод бид жуумалздаг.Ингэхэд тийм хүслийг мэхийн хүсч буй хижээл эрийг хараагүй өнгөрсөн байна шүү. Харин энэхүү хүслэн дотор агуу их ёс суртахууны барилгыг барих тулгын чулууны хэлтэрхий байгааг хэн бүхэн мэдэхгүй байна.
Хамгийн тайван амгалан, хамгийн энх тайванч шашин хүртэл энэхүү гуйлт хүслийг үл ойшоодог гэвэл хэтрүүлэг болохгүй гэж үү.Том Брауны хүслийн дээд талд Англи орны агуу ихийн ихэнхи хэсэг баригдаж боссон билээ л.Харин бүшидогийн зогсч буй суурь чулуу үүнээс бага зүйл биш гэдгийг бид удахгүй нээж олж харах буй за. Күйкерийн зөв зүйтэй батлан өгүүлээд байгаа шиг дайн байлдаан гэгч нь өнгөлзөх халдлага байлаа ч авран хамгаалах байлаа ч, балмад зүй бус байлаа ч Бид Лессингтэй хамтаар хэлвэл ,, алдаа дутагдал туйлгүй их байлаа ч тэндээс суртахуун төрж байдаг гэдгийг бид мэднэ,, гэх бизээ. ,, Дорд,, ,,хулчгар ,, гэх нь төгс төгөлдөр хийгээд хялбархан мөн чанартнуудын хувьд хамгий муу дорд үзсэн үг билээ. Жаалхүү ийм үзлээр амьдралаа эхэлж байна.Бүши ч мөн адил.Гэхдээ нэгэн насны амьдрал улам илүү агуу болж, харилцаа олон талтай болж, эхэн үеийн итгэл бишрэл тэднийг эзэмдэж, сэтгэл хангалуун болгож, хөгжүүлэх тул улам илүү өндөр дээд сүр хүчнээс ая таатай уг сурвалжийг батлан шаардах бөлгөө.Хэрвээ дайн тулааны дүрэм үйлчлэх төдий байгаад өндөр дээд ёс суртахууны түшиг тулгуур байхгүй байх аваас эр цэргийн үзэл санаа бүшидод хавьтах ч үгүй байх байсан.Европ дахь христийн шашин өөрийн тайлбар сэлтдээ морьт цэргийнхэнд найр тавин хүлээн зөвшөөрснөөсөө үл хамааран тэдэнд оюун санааны элементийг цутгасан билээ. ,, Шашин, дайн байлдаан, алдар нэр гурав бол төгс төгөлдөр христийн дайчдын гурван сүнс билээ,, гэж Ламертейн бичжээ.Японы хувьд бүшидогийн эх ундарга болох хэд хэдэн сурвалж бий юм.
Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 46 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax