Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Үзэсгэлэнт гүрэн-Японы зүг Абэ Шинзоо айсуй

20:53 , 2007-09-18 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэдхэн хоногийн өмнө Японы эрх баригч Либерал ардчилсан намын нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхимын дарга, 52 настай Абэ Шинзоо Либерал ардчилсан намын 21 дэх тэргүүнээр сонгогчдын 66%-ийн саналаар ялалт байгуулж сонгогдсон билээ. Либерал ардчилсан нам тэргүүнээ сонгохдоо тус намаас сонгогдсон Парламентын гишүүдийн болон намын нийт гишүүдийн саналаар сонгодог. Абэ Шинзоо өрсөлдөгч Асао Таро (Японы Гадаад хэргийн сайд) Танигаки Садаказү (Сангийн сайд) нарыг сонгогчдын саналаар илүүрхэн хол давсан билээ.
Эрх баригч намын тэргүүн Ерөнхий сайд болдог хуультай тул 9 дүгээр сарын 26-ны үдээс хойш Парламентын дээд, доод танхимын нэгдсэн хуралдаанаар Абэ Шинзоо Японы 57 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо.
Абэ Шинзоо үе залгамжилсан улс төрч хүн. Өвөг эцэг нь Японы Ерөнхий сайд, эцэг Абэ Шинтаро нь Японы Гадаад хэргийн сайд байлаа.
Залуухан Абэ Засгийн газрын Танхимын дэд дарга, ЛАН-ын нарийн бичгийн дарга, Засгийн газрын Танхимын дарга гээд улс төрийн том албан тушаалыг түүртэлгүй хашиж, эрч хүчтэй эрэмгий, эх оронч, ёс зүйн тунгалаг цэврээрээ Япончуудын дунд өндөр нэр хүндтэй хүн ажээ.
Тэрээр сонгуульд ялсныхаа дараа Парламентын 2 танхимын гишүүдийн өмнө үг хэлэхдээ “Өндөр уламжлалтай ЛАН-ын тэргүүний суудал хүнд гэдгийг дахин ухамсарлаж байна. Миний бие дайны дараа төрсөн анхны энэ намын тэргүүний хувьд мөрөөдлийн галаа таслалгүй, шинэчлэлийн бамбарыг үргэлжлүүлэн авч явна гэдгээ цохон тэмдэглэж байна” гэжээ. Ерөөс шинэчлэгч Койзүмигийн халааг Абэ авна гэдэгт Японы нийгэм бэлтгэлтэй байсан.
Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудалд анхны гэгээг авчирсан эцэг Абэ Шинтарогийн үйл хэргийг хүү гүйцэлдүүлнэ гэдэгт Япончууд итгэлтэй байгаагаа нуухгүй байна. Абэ Засгийн газрын Танхимын даргынхаа хувьд Ерөнхий сайд Койзүмитэй хамт БНАСАУ-ыг зорьж мөнөөх Ким даргатай нүүр тулж Япон иргэдийн хохирсон эрх ашгийн төлөө алгуур аажим, нухацтай, хүлээцтэй, бас шургуу, ёс зүйтэй тэмцсэн билээ. Түүнийг “хүний яриаг хүлээцтэй сонсдог, мэдрэмжийн тэнцвэрийг сайн барьдаг хүн” гэж үнэлдэг юм билээ.
ЛАН-ын тэргүүний сонгуульд Абэгийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүмүүсийн анхаарлыг илүүтэй татаж байсны нууц нь Япон улсын төрийн бодлогын шинэчлэл байлаа.
Абэ мөрийн хөтөлбөртөө эх түүх, соёл, уламжлалаа дээдэлсэн, эрх чөлөө, эрх зүйт төрөө бататгасан, эдийн засгийн шинэ өсөлт хөгжилтөөр замнасан, дэлхийд итгэгдэж, хүндлэгдэж, хайрлагдсан, дэлхийд тэргүүлэгч, нээлттэй тийм Япон улсын төлөө зүтгэж ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэхэд юуны түрүүн шинэ цаг үеийн шинэ Японы эрх ашигт нийцүүлэн үндсэн хуулиндаа “гар хүрэх”-ийг зорьж байна.
Түүх, соёл, уламжлалт зан заншил, Япон хүний хийгээд Япон гэр бүлийн үнэт зүйлсийг сэргээхийг зорьж байгаагаа нуусангүй. Эндээс харвал ялимгүй националь ханхлуулж байна. Энэ тухай ч Америкийн “Вашингтон пост” сонины 19-ний өдрийн дугаарын 1 дүгээр нүүрт “Абэ бол ил тод үндсэрхэх үзэлтэн” гэж бичжээ. Гэхдээ энэ нь Хойт Солонгосын цөмийн зэвсгийн асуудал хийгээд Хятад улсын хөгжлийн “сүр хүчин”-тэй нүүр тулаад байгаа Японы нөхцөл байдал л эх оронч үзэлтэй Абэгийн толгойд ийн бууж байна гэж үзэж байна. (Ёомиүри сонин 2006 оны 9 сарын 19-ний дугаарт).
Абэ дэлхийн улс гүрнүүдийн хамтын ажиллагаанд даацтай, үлгэр жишээч үүрэг хариуцлагыг Япон Улс үүрэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орноор элсэхийн төлөө ажиллаж, дэлхий дахины болон азийн төлөөх Япон-Америкийн түншлэлийг бэхжүүлж, Америк, Япон хоёр тал “адилхан хөлс гаргах” тогтолцоог бүрдүүлэх, хөрш БНХАУ, БНСУ –тай харилцаагаа бэхжүүлэх талаар дорвитой алхам хийхээ зарлаж байна.
Абэ Шинзоо Японы боловсролд шинэчлэл хийж, ард иргэдийнхээ дунд нэлээд ихсээд байгаа нийтийн тусламж дэмжлэгт дулдуйдан дагалдах өвчнийг анагааж, биеэ даах уламжлалт философио сэргээхийн төлөө байгаагаа илэрхийлж, ард иргэдийн амар амгалан байдал, аюулгүй орчинд ажиллаж амьдрахад төрийн институцийг бүхэлд нь чиглүүлж ажиллахаа амлаж байна.
Абэгийн амнаас innovation гэдэг үг олонтоо гарч байна.Өсөлт хөгжилт байхгүй бол Японд ирээдүй байхгүй, техник, технологийн шинэчлэлд дулдуйдсан эдийн засгийн өсөлт л Японыг аврах юм гэж тэрээр үзэж байна.
“Түшмэл” “ард” хоёрын хоорон дахь зайг аль болох ойртуулж, хэнбугай ч нийгэмдээ оролдоод, зүтгээд үзэхэд зорьсондоо хүрдэг ард иргэдэд ээлтэй тийм орчин бүрдүүлэхийн төлөө байгаагаа Абэ Шинзоо илэрхийлж байна.
Орон нутаг чадваргүй бол Улс орон чадваргүй гэж Абэ үздэг тул “хүчирхэг хөдөө орон нутаг” бодлогыг хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлийг орон нутгаас эхлэн Япон хүн Япон орны өнцөг булан бүрт хаана ч аюулгүй, аз жаргалтай ажиллаж амьдрах бүхий л бололцооны төлөө Засгийн Газар хүчин зүтгэнэ гэж тэрээр амлаж байна.Энэ амлалтаа биелүүлэхийн тулд газар орон бүрт байгаа нөөц бололцоо, давуу тал, татах хүчийг ил гаргах зорилготой “ үзэсгэлэнт нутаг орноо бүхэлд нь сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө” хэрэгжүүлнэ гэж зарлаж байна.
Боловсон хүчний бодлогод эрс өөрчлөлт гаргаж, чадварлаг, цомхон аппарат бүрдүүлж, эрх баригч нам, Засгийн газар хоёр нэгэн биетэй, цул нягт ажиллаж, бодлого боловсруулахдаа эрх баригч намын жирийн гишүүдийн санаа бодлыг байнга тусгаж, харин тус намаас сонгогдсон парламентын гишүүд улс төрийн шийдэл бүрийн хариуцлагыг дангаар үүрэх болно гэж тэрээр үзэж байна.
Дэлхийд Япон маягийн нийгмийн хамгааллын загвар бий болгож, тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, сувилгааг бүхэлд нь сайжруулах, энэ чиглэлээр тасралтгүй тогтолцооны зарчимд шилжих, нийгэм хамгааллын код нэвтрүүлэх, тэтгэврийн системийн хатуу тогтсон хэв маягаас илүүтэй хувь хүний өөрөө сонгох сонголтыг хүндэтгэж үздэг системийн төлөө байгаагаа мөрийн хөтөлбөртөө дурьджээ.
Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхээс гадна Абэ “Үзэсгэлэнт гүрэн Японы зүг” гэдэг ном бичсэн нь манай сайн хөрш Япончуудын дунд шуугиан тарьж байна.
Тэрээр номныхоо өмнөтгөлд “ Энэхүү ном зөвхөн улс төрийн зорилготой биш юм. Миний бие бага залуу насандаа юуны тухай эргэцүүлж ирэв, эх орон элэг нэгтнийхээ тухайд ямар сэтгэл тээж ирэв, одоо улс төрчийн хувьд юуг эн түрүүн хийх вэ гэдгийг илэн далангүй өгүүлсэн билээ. Тиймээс залуу хүмүүсийг уншаасай гэж бичсэн юм. Япон хэмээх энэ улсыг итгэлтэй, бахархалтай улс байлгах гэсэн сэтгэлээ залуу үедээ бага ч болов дамжуулья гэж бодлоо” хэмээн тун даруухан өгүүлсэн байна.
Энэ ном “утгыг түгээхүйг эрхэм болгож, өчүүхэн ч атугай тансагт хөлбөрөхийн шинж үгүй”, дан ганц Абэгийнх гэхээсээ илүү боловсорч гүйцсэн орчин цагийн нийгмийн бүтээл гэж хэлж болохоор, гагцхүү Япон хүний хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөгөөр улс төрийн орон зайн үндсээ хийсэн улс төрчийн чин сэтгэлийн үг байна гэж гэж Япончууд үзэж байна.
Юутай ч Японы шинэ удирдагч Абэ Шинзоо хэмээх идэрхэн улс төрч “ хувь хүний “би”, “миний юм” гэх мэт хувийн өмчийн мэдрэмжээс улс төрч хүн ихэд хол байх ёстой “ гэсэн зарчмыг хатуу барьдаг, өөрийн амьдрал, амжилтын талаарх элдэв магтаал, зуйрган үгийг ойшоодоггүй, улс төрчийнхөө хувьд давшилтынхаа энергийг хүний дотоод варвар чанар, үндэстний балчир сэтгэлгээн дээр тоглоход чиглүүлдэггүй хүн гэж Абэ “судлаачид” үзэж байна.
Абэгийн Ерөнхий сайд болоод гаргасан хамгийн анхны шийдвэр нь Ерөнхий сайдын авдаг цалинг 30%, өөрийн танхимын сайдуудын цалинг 10% бууруулж байгаагаа мэдэгдсэн шийдвэр байлаа. Засгийн Газар байгуулагдсаны шууд дараа Японы үндэсний томоохон хэвлэлүүдийн нэг Ёомиүри сонин санал асуулга явуулж, будаг нь ханхалсан шинэ танхимыг ард иргэдээсээ хэрхэн дэмжлэг авах төлөв байдлыг шинждэг уламжлалтай. Абэгийн Засгийн газрыг санал асуулгад оролцогчдын 70.3% нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь 87.1% -ийн санал авч байсан Коизүмигийн танхимын дараа буюу Японы түүхэнд 3 –т орж байгаа амжилт юм.

Сэтгэгдэл үлдээх

15:14 , 2009-12-10 .. Бичсэн: чимгээ (зочин)
гоё шүү

15:13 , 2009-12-10 .. Бичсэн: чимгээ (зочин)
тэврэлт алга ташилт applause

15:15 , 2009-05-08 .. Бичсэн: Зочин
big grin big grin laughing devil

{ Сүүлийн хуудас } { 45 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax