Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Харилцан ярилцдаггүй Хятад-Японы харилцаа

20:42 , 2007-09-18 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Дундад улсын том хотуудад сүндэрлэх худалдааны төвүүдэд “кайтэн осүши”(цувуурын түүхий загас) япон үндэсний хоолыг амаа олохгүй зооглож буй хятадуудыг төвөггүй олж харж болно. Сүүлийн жилүүдэд Бээжин, Шанхай зэрэг хотуудад япон ресторан борооны дараах мөөг мэт олширч, япончуудын “амт шимт” хятадад байр сууриа баттай эзэлж буй нь энэ юм.
Гэхдээ хятад хүний ходоодонд шингэх япон “тархи” толгойдоо очтол өдий гэж япончууд бичиж байна. Энэ хоёр их гүрний зөрчил сүүлийн жилүүдэд гэрлийн хурдад биш ч үржүүлэхийн хүрдэнд орлоо. Монгол улсын стратегийн гол түнш болох энэ хоёр улс эв зүйгээ ололцож, эвдрэл зөрчилгүй байгаасай билээ.
Зарим эх сурвалжийн үзэж буйгаар хоёр орны харилцаа дараах гурван үе шатаар өрнөж ирсэн бололтой.
1. Эрт цагийн Кенто Ши (Японы нара, хэйа­ны үед Тан улсын соёлоос сурал­цахаар МЭ 630-894 он хүртэл зургаан удаа зорчсон японы төлөөлөгчид) болон Буддын соёлын нөлөө зэргийг багтаасан сул дорой Япон болон хүчирхэг Хятадын харилцааны үе.
2. Мэйжийн эрс хувьсгал, Япон-Чин улсын дайн, цаашлаад милитарист Японы эх газрын төлөөх түрэмгийлэл, Дэлхийн II дайнд ялагдсан ч дайны дараах эрчимтэй хөгжил, техник технологиороо тэргүүлэх болсон хүчирхэг Япон болон соёлын хувьсгал, үймээн самуунаар дүүрсэн буурай Хятадын харилцааны үе.
3. 1978 оноос эдийн засгаа хөгжүүлэх эрс шинэчлэл хийж, үсрэнгүй хөгжиж буй Хятад болон 1990-ээд онд эдийн засгийн хямрал доройтолд орсон ч улс төр, эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийд хоёрт ордог хүчирхэг Японы харилцааны үе буюу анх удаа хоёул хүчирхэгжсэн үе.
Одоо энэхүү нэн өвөрмөц гурав дахь үе үргэлжилж байгаа бөгөөд урьд өмнө огт байгаагүй нөхцөл байдалд буй хоёр орны ард түмэнд “хоёул хүчирхэг” хэмээх сэтгэл зүйн бэлтгэл хараахан төлөв­шөө­гүй байна гэж үзэх үндэслэл байгаа аж.
Урд хөрш маань эдийн засгийнхаа эрс үсрэлтийн жилүүдэд Японы Засгийн газрын Хөгжлийн Төлөөх Хөтөлбөр (ODA) зэрэг зээл, тусламж дэмжлэгийг тас­ралтгүй авч, одоо эдийн засаг нь тогтвор­жиж, хүмүүсийнх нь амьдрал дээшилж, улам бүр хүчирхэгжсээр байгаа билээ. Гэвч эд баялаг арвижих тутам эрх хүчийг төрүүлдэг гэдэг. Хятадын хүчирхэг байдлыг япончууд хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тэд “гомдоллодог”.
Ерөөс ирээдүйд өрсөлдөгч болох хувь зохиолтой л бол цаашдын зам мөрөө одооноос тодотгож, тоглоомын дүрэм, арга замаа эрэх нь дээр гэж үзэгсэд хоёр талд олон байна. Усан хил, газар нутаг, эрчим хүч, байгалийн баялаг, хоол хүнс гээд олон асуудал чухамхүү хоёр талын стратегийн үр дүнтэй яриа хэлэлцээрээр шийдэгдэх билээ. Тиймээс үе үе “хэрэлдсэн” ч харилцан ярилцах “хоо­лой”-гоо хааж боож болохгүй гэдэг нь улам бүр тодорхой болж байна.
Зэн Зянь Мин даргын үед ч хоёр орны харилцаа ихээхэн бэрхшээлтэй байжээ. Яагаад Зэн дарга япончуудад хатуурхдаг байсныг японы хэвлэлүүд “...хүүхэд байхдаа Шанхайд байрлаж байсан японы цэргийн эрхмийн нохойд хөлөө ха­зуулс­наа мартаж чаддаггүй байс­наас...” гэж хүртэл тайлбарласан нь бий. (Foresight 2005,4, 76-р тал). Зэн даргын үед хятадын залуучуудын эх оронч, үндсэрхэг үзэл улам бүр дэвэрсэн гэлцдэг.
Өнгөрсөн зун болсон Хятад-Японы хөл бөмбөгийн тэмцээний үед үүссэн үймээн нь Коммунист Залуучуу­дын байгууллагад ихээхэн итгэл найдвар тавьдаг удирдагч Ху Жин Таод томоохон цохилт болжээ. Үндэсний үзлийг төлөв­шүүлэх ажил хэрээс хэтэрч, нугалаа гарч буйг ажигласан тэрээр өнгөрсөн намар цэргийн зөвлөлийн даргын албанд томилогдсныхоо дараагаас тодорхой алхам хийж эхлэв. Ху дарга өнгөрсөн оны 10 дугаар сард сэтгэл хөдлөлдөө хэт автсан эдгээр залуучуудыг “бахардан галзуурах залуу үе” хэмээн нэрийдэж, түүний мэдэлд байх хэвлэлүүд “Эрүүл оюун ухаанаа алдсан үндэсний ухамсар хэрхэн төр улсынхаа эрх ашигт тус нэмэр болох билээ” гэж бичиж байлаа.
Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлө­лийн хориг тавих эрхтэй байнгын гишүүн оронд нэр дэвшиж, ид хэлэлцэгдэж буй 4 дүгээр сарын нэгэн өглөө мөнөөх “бахар­дан галзуурах залуу үе”-ийн шинэ давал­гаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд байсан японы дунд сургуулийн сурах бичгийг эсэр­гүүцэж буй нэрээр бослого гаргасан билээ. Өглөөний 9 цагаас эхлэн хэдэн зуун хүн Бээжин дэхь Японы элчин сайдын Яамны дэргэд цуглаж “Японыг даран сөнөөе”, “Япон барааг устгая” гэх мэт уриа лоозон барин хашхирч, лааз, шил, чулуу шидэн ЭСЯ-ны цонхыг хагалж, Олон Улсын Венийн конвенцийг ноцтой зөрчсөнийг дэлхий даяар шуугисан.
Үүний зэрэгцээ ноён Коизүми дайны тэргүүн зэргийн “нүгэлтнүүдийг” оршуулсан гэх Ясүкүни сүмд мөргөл үйлдсэнийг Хятадын тал ямагт “хэрүүлийн алим” бол­госоор ирсэн бөгөөд үүнийг “яагаад ч ойлгохгүй, энэ Ерөнхий сайдад ердөө ч итгэж чадахгүй” байгаа билээ. Энэ сүмийг Японы төр улсын үйл хэрэгт амь насаа зориулсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн 1869 онд байгуулсан бөгөөд энд Мэйжийн эрс шинэчлэлээс (1868 он) Дэлхийн II дугаар дайныг дуусах хүртэл дайнд амь үрэгдсэн хоёр сая дөрвөн зуун мянга гаруй япон хүний сүнс сүлд оршдог гэж үздэг тахилгын газар юм. Энэ сүмд дай­ны А зэрэглэлийн ялтнуудын сүнс сүлдийг тахих ёсыг 1978 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд 1979 онд энэ хэрэг нийтэд ил тод болжээ. Сүмд тухайн үеийн Ерөнхий сайдууд хүндэтгэл үзүүлдэг байхад Хятадын талаас иймэрхүү гомдол гаргаж байсангүй. Харин 1985 онд Ерөнхий сайд Накасонэ уг сүмд очсон үеэс Хятадын тал “гомдож” эхэлсэн бөгөөд Накасонэ сайд энэ асуудал дээр буулт хийж дараа жилээс нь энэ сүмд очихоо албан ёсоор зогсоосон юм.
2001 оны 8 дугаар сард Коизүми анх эл сүмд очсон бөгөөд 2002 оны 12-р сард дахин хүндэтгэл үзүүлэн мөргөхөд тухайн үед Японд сууж байсан Хятадын элчин сайд ихэд эмзэглэжээ. Коизүми үүнд “дайн үл хийх тангарагаа дахин нотолж буй хэрэг” хэмээн даруухан хариулж байсан бол дахин сонин хэвлэлүүдээр өгүүлэл, нийтлэл тавьмагц эрс шийдэн “За, тэгвэл нутаг буцдаа” гэсэн аж.
2003 оны 10-р сард Индонезид хоёр улсын Ерөнхий сайдууд уулзахад Хятадын тал “Хоёр орны харилцаанд гарч буй асуудлууд шийдвэрлэгдээсэй гэж хүсч байна” гээд мөнөөх сүмийн асуудлыг дахин сөхжээ. Маргааш өглөө нь Коизүми “Ясүкүни сүмд очих нь ерөөс милитаризм дахин сэргэж буй асуудал биш гэдгийг Хятад улс сайн ойлгож байгаа биш үү. Гэвч энэ асуудал Япон-Хятадын харилцаанд саад тотгор болох ёсгүй” хэмээн мэдэгдээд уг сүмд цаашдаа ч очно гэдгээ илэрхийлэв.
Гэтэл өнгөрсөн оны 11-р сард Чилид болсон уулзалтын үеэр хоёр орны удирдагчид уулзахад Ху Жин Тао “Хятад-Японы хооронд улс төрийн зогсонги байдал бий болж, мухардмал байдал үүсээд байгаагийн гол шалтгаан нь Японы удирдагч Ясүкүни сүмд очиж байгаагаас болж байна. Зохих арга хэмжээ авах хэ­рэг­тэй” хэмээн анх удаа төрийн өндөр албан тушаалтны тодорхой нэр, шалт­гааныг зааж өгүүлэв. Харин Коизүми “за­гас” мэт дуугүй өнгөрч, маргааш нь бол­сон хэвлэлийн бага хурал дээр сэт­гүүлчдийн ямар ч асуултад хариулахгүй хэмээн хариу барьжээ.
Өнгөрсөн сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хатагтай У И Япон улсад ажлын айлчлал хийж, Ерөн­­хий сайд Коизүмитэй уулзахаар тө­лөв­лөсөн байсан ч “Яаралтай аж­лаар дуудагдлаа” хэмээх шалтгаанаар сайдтай үл ярилцах гэсэн аргыг сонгон буцаж, улмаар манай улсад айлчилсан билээ.
Ноён Коизүми энэ талаар хэвлэ­лийн­хэнтэй уулзахдаа “Нөгөө тал маань уулзья гэсэн болохоор ойлголцох сайхан боломж гар­лаа гэж бодож байлаа. Гэвч яагаад больсныг ойлгохгүй байна. Хэрэв уулз­маар­гүй байна гэвэл уулзах шаардлага алга, уулзья гэвэл уулзаж болох юм” гэж (NHK, 2005-05-23) тун даруухан өгүүлж байлаа.
Уг айлчлал болохын өмнөхөн буюу 5 дугаар сарын 16-ны өдөр Японы Парламентын олонхийн танхимын төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Японы Ардчилсан намын тэргүүн Окада мөнөөх сүмийн асуудлыг сөхөхөд Коизүми “Хэзээ очихоо би тааллаараа шийднэ” (Yomiuri, 5.24) гэж мэдэгдээд “Би энэхүү сүмд Ерөнхий сайдын хувьд бус, харин хувь хүнийхээ хувьд очдог” гэсэн байна. Түүний энэ үг маргааш нь л гэхэд хятадын төв хэвлэлүүдэд нийтлэгдсэн бөгөөд хатагтай У И чухам энэ ер бусын гэмээр тодорхойгүй уур амьсгал дунд эх орноосоо Япон руу мордсон аж.
Эдгээр үйл явдлаас ажиглахад Хятадын тал Коизуми Ерөнхий сайдтай уулзахгүй байх нь яриа хэлэлцээр хийх үед үүсч болзошгүй эрсдлээс илүү эрсдэл багатай гэж үзэв үү гэлтэй. Япончууд Хятадын өндөр албаны хүний гэнэт нутаг буцсан энэ явдлыг ёс зүйтэй холбон тайлбарлаж хэвлэлээр төрөл бүрийн тайлбар, таамаглал хийж байсан боловч Засгийн газраас “Хятад-Японы харилцаа үүнээс илүүтэйгээр муудах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд зөвхөн сөрөг үр дагавар л авчирна” хэмээн үзээд Японы Засгийн газар энэ явдалд хүлээцтэй хандахаар шийдвэрлэснээ 5 дугаар сарын 25-нд албан ёсоор мэдэгдсэн билээ.(Yomiuri shinbun, 2005.5.26)
Үүнээс ажиглахад Япон ч улам бүр хүчирхэгжиж буй Хятад улсыг сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрч эхэлж байна уу гэлтэй. Харин өнгөрсөн 4 дүгээр сард болсон Хятад дахь Японы эсрэг үймээн самуун нь Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болох асуудал хийгээд Тайваны асуудалтай холбоотой гэж Япончууд үздэгээ хэвлэл мэдээллээр нуусангүй.
Хоёр тал ирээдүйд харилцан өр­сөл­дөхүйц томоохон хөршүүд гэдгээ хүлээн зөв­шөөрч, үндэстний түгжигдмэл байд­лаас гарч, олон талт хамтын ажил­ла­гаагаа бүрэн бүтэн сэргээн хадгалах албан ёсны гэрээ хэлэлцээрээ үргэлж­лүү­лэхийн зэрэгцээ албан бус найрсаг хам­тын ажиллагаагаа хөгжүүлэх нь өнөөгийн үл итгэлцэх, хардах сэрдэх байдал түүх болон үлдэхийн эхлэл болох болов уу.
Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал Ази тивээс олон талаар хамааралтай. Монгол улс нэгэн цагт Ази Номхон далайн бүс нутийн улсуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай конвенц байгуулах санал дэвшүүлж байсан удаатай. Айл саахалт Хятад, Япон улсын төрийн тэргүүнүүд бие биедээ айлчилсангүй гурван жил гаруй боллоо. Японы Ерөнхий сайд Жюничиро Коизүми 2001 оны 8 дугаар сард Ясүкүни сүмд очсоноос хойш хоёр орны Ерөнхий сайдын түвшний “pipe” бөглөрч орхисон гэдэг. Хүйтэн дайны үеийг санагдуулам уур амьсгал хоёр их түншийг маань эзэмдэх нь тэдний тусламжийн гар харан амьдардаг Монголчууд бидэнд сайн зүйл биш билээ.
“Харилцан ярилцдаггүй” Хятад-Японы харилцааны өнөөгийн байдлын тухай товч тоймлоход ийм байна.
2005-6-р сар

Сэтгэгдэл үлдээх

18:27 , 2012-01-31 .. Бичсэн: хонгороо (зочин)
хэрэгтэй зүйл байнаа



minii setgegdel

12:11 , 2010-09-29 .. Бичсэн: XXX
tyyhiin talaar ch ter odoogiin yyseed bga asuudliin talaar ch ter hangalttai medeelel olj avlaa. bayarlalaa.
ynendee ene 2 tom uls hoyor binee haraad l ajiglaad l suugaad bdag yum shig sanagdaj bna. jijighen yum l garaad irvel bosch ireed l bariltsaad vahad belen...
odoo hyatadiin zagaschlaliin zaviig japanii tal baritsaalsan hergeer bas l boon yum bolj bna. omno ni ch 2 oron hoorondoo yzdeg bsan bol odoo amerik oros geed tom tom gyren bas oroltsdog bolj.

{ Сүүлийн хуудас } { 50 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax