Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Хятад, Оросын дунд Америкийн хавчуулж буй “Монгол” хэмээх хавчуурга

20:47 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хятад Оросын дунд хөндөлсөн оршиж, 13-р зуунд Чингис хаан Зүүн Европ хүртэл газар нутгийг эзэлсэн Эзэнт гүрнийг байгуулж байсан Монгол. 2005 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойхно Ерөнхийлөгч өөрийн онгоцноосоо буухад Ж.Бушийг угтсан нь хэдэн зуун метрийн цаанаас өтгөрөх утаа манан байлаа.

Нисэх онгоцны барилга хийгээд зогсоолдоо эгнэсэн хуучны маягийн нисэх онгоцууд... Энэ бүхэн сүүдэр ший болж, Буш Ерөнхийлөгчийг баярлан угтах киноны цогц мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

Америкийн харилцааны түүхэнд энэ газар нутагт хөл тавьсан анхны Ерөнхийлөгч Ж.Буш юм. Ерөнхийлөгчөөс арай өмнөхөн буюу 10 дугаар сарын сүүлээр Батлан хамгаалахын сайд Рамсфельд ирсэн бөгөөд цааш нь өгсөөвөл хамгийн сүүлчийн дээд төвшний айлчлал 1944 онд Рузьвельтийн Засгийн газрын дэд Ерөнхийлөгч Уэльсийн айлчлалд хүрэх юм.

Харин Буш үг хэлж завдалгүй, цэцгийн баглааг авангуутаа Лорагийн хамт хар кадиллактаа яаран сандран суужээ. Тэгэхээс ч аргагүй юм, мөнөөх өтгөн зузаан манан нь хуучны цахилгаан станцаас хийгээд айл бүрийн яндангаас олгойдох утаа байжээ. Нийслэл Улаанбаатарын төв хүртэл лимүзэнээр хорь орчим минут явах ажээ. Дэндүү утаанд хөмсгөө зангидсан Буш Ерөнхийлөгч замын хөвөөний гэрэл гэгээг харангуутаа зүс царайгаа зөөлрүүллээ. Хэдхэн метр тутамд эгнэн жагсаж номхон зогсоо Монголын цэргүүд, инээмсэглэн гар даллах жирийн иргэд, чимчигнэх шахам хүйтний дунд, бусад улс орноос хараагүй их баярын хүлээлтийн гэрэл гэгээ оргилж байгаа болохоор тэр ажээ.

Нууцын түлхүүр нь хамтарсан тунхагийн “хоёр өгүүлбэр”

Монгол улс газар нутгийн хувьд том ч яах аргагүй л “жижиг улс” мөн. Хүн ам нь хоёр сая таван зуун мянга хүрэхгүй, Хятадын 460 хуваасны нэгтэй тэнцүү. 1 хүнд ногдох үндэсний орлогоороо дэлхийн улс орнуудын дунд 180 орчимд бичигдэх бөгөөд ард иргэдийнх нь гуравны нэг нь “нэн ядуу давхарга” юм. Гадаадад айлчлах дургүйгээрээ алдартай Буш Ерөнхийлөгч Монголд айлчилсан нь дан ганц найрамдлын төлөө айлчлал биш юм. Ердөө дөрөвхөн цаг хагасын айлчлалд Америкийн гадаад бодлогын стратеги зангидагдаж байна.

Дүгнэлт гаргахаасаа арай өмнөхөн хэлэхэд АНУ Евроази тивд өөрийн нөлөөллийг тогтоон барьж байхын тулд “монгол карт”-ыг Хятад Оросын дунд хавчуурга болгон чулуудаж байгаа нь энэ юм. Монголчууд 17-р зуунаас 1911 он хүртэл Манж Чин улсын дарлалд, хүйтэн дайны үеэр ЗХУ-ын дагуул улс болж “эрхэлсэн” билээ.

Ард иргэдийн дунд “одоо ч Хятадын эсрэг үзэл үндэс суурь бөхтэй хоцорсон бөгөөд Оросуудаас болгоомжлох сэтгэл хүчтэй байгаа” (Америкийн дипломатчийн ярианаас). Үүнийг ашиглаж Монголыг Америкт талтай улс болгож Хятад, Орост нээнтэг тавих нь Бушийн засаг захиргааны стратеги юм.

Ийм амбиц ил гарсан нь Монголын Засгийн газрын ордонд болсон Ерөнхийлөгч Бушийн илтгэл юм. “Та бүхэн олон жилийн дарангуй засаглалыг давж анх удаагаа саналаа чөлөөтэй өгсөн үеийн баярт мөчийг эргэн дурсана уу” гэж Буш Ерөнхийлөгч Засгийн газар, цэргийн эрхтнүүдийн өмнө ийн уриалж, 1990 онд эхэлсэн Монголын ардчилалд халуун магтаалыг урсгав. Илтгэл хагас цаг үргэлжилж, нэр заагаагүй ч “олон жилийн дарангуй засаглал” гэж Манж Чин улс, ЗХУ хоёрыг хэлж буй нь тодорхой байлаа.

Буш Ерөнхийлөгч цааш нь “Эрх чөлөөний агуу их мөн чанарын дор Америк, Монгол улс ах дүү мэт бат нягт хамтдаа явцгаая” хэмээн уриалан дуудаж, өөрөөр хэлбэл Монголын “дагуул роль”-ийг наймаалсан юм. Мэдээж хэрэг Хойт Солонгосын асуудал зэргээр хамтран ажиллахаас өөр аргагүй Хятад, Оростой шуудхан дайсан болох учиргүй. Тиймээс шууд илэрхийллээс зайлсхийж, чадварлагаар жийрхүүлж байгаа нь энэ ажээ.

Тэглээ ч дан ганц уран илтгэл төдий бол Чённанхай, Кремль хоёрт тийм их асуудал биш байж болох юм. Гэвч илтгэлийн дараа Ерөнхийлөгч Буш Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын гаргасан А4-ийн 2 хуудас хүрэхгүй хялбархан хамтарсан мэдэгдэлд Хятад, Оросыг хангалттай нервтүүлэх 2 өгүүлбэр байна.

Түүний нэг нь хамтарсан мэдэгдлийн сүүлийн хагаст байгаа “олон улсын энх тайвныг дэмжих хүчин чармайлтад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана” гэсэн өгүүлбэр юм. Тийм онцгой гойд хувирал үгүй ч үүнд хоёр улс ч цэргийн хамтын ажиллагааны дэвшилд санал нэгтэй байгааг анзаарч болох юм. Үнэндээ Буш Ерөнхийлөгч төрийн тэргүүнтэй уулзах үеэрээ 11 сая доллараар зэвсэгт хүчнийг нь дэмжихээр амлаж, монголын армийг бэхжүүлэхэд туслахаа илэрхийлсэн юм.

Хамтарсан тунхагийн сүүл хэсэгт ч армийн туслалцаа дэмжлэгийн талаар өгүүлжээ.

Америкийн Батлан хамгаалах яам “Цэргийн туслалцаа дэмжлэг нь Монголын энхийг сахиулах үйл ажиллагаа (РКО)-ны чадварыг дээшлүүлэх явдлаас өөр зорилгогүй” гэж байгаа ч үүнийг өнгөн талаас нь хүлээгээд авамгүй учир шалтгаан олон бий.  РКО-оор хаягласан цэргийн хамтын ажиллагаа удалгүй аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаатай холбогдох бололцоотой нь мэдээж.

Шинж тэмдэг нэгэнт буй болсон билээ. Монгол Улс 2001 оны 9 сарын хэрэг явдлаас хойш Америкийг дэмжих байр сууриа илэрхийлж Иракийн дайнд  уг дайныг эсэргүүцэгч Хятад, Оростой зам салж 160 хүнтэй цэргийн багаа Иракт илгээсэн билээ. Америкийн засаг захиргааны аюулгүйн зөвлөлийн нэгэн хүн “хэмжээний хувьд бага ч гэсэн хүн амынхаа тоонд харьцуулахад монголын цэрэг дэлхийд 3-р байранд орно” гэж үнэлсэн байдаг.

Хамтарсан мэдэгдэлд оршиж буй бас нэгэн “нууц бөмбөг” дараахь өгүүлбэр дотор байна.

“Бүс нутаг болон олон улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн байгууллагад Монгол улс оролцох боломжид туслалцаа дэмжлэг үзүүлнэ”.

Буш уулзалт дээр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт (АРЕС) Монголыг гишүүнээр элсүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэж амласан бололтой. Уг өгүүлбэр энэхүү амлалттай шууд холбогдож байгаа бөгөөд бас нэгэн бэрхшээлтэй нөхцөл байдал бий юм. АНУ-ын засаг захиргаанд Монголыг НАТО-гийн бүс нутгаас гадуур холбоотон улс болгон элсүүлэх санаачилга судлагдаж буй бололтой. Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хятадаас бусад 5 орон НАТО-гийн бүс нутгаас гадуур холбоотон улс, нөгөө талаар Монгол 2004 оноос ШХАН-ийн хуралд ажиглагчийн статустай оролцож эхэлсэн байна. АНУ энэхүү ээдрээтэй “олс таталт”-ын тэнцвэрийг Монголын түншлэлээр НАТО-гийн талд шилжүүлэхийг хүсч байна. “Олон улсын улс төрийн байгууллагад оролцох оролцоог дэмжинэ” гэдэг нь ийм утгатай буй за.

Америкийг цэргээ гаргахыг шаардсан шаардлага цохилт болов

АНУ-ын зүгээс Хятад, Оросод шууд  яагаад ийм их болгоомжлолыг тээнэ вэ. Цагийн зүүг 7 дугаар сарын эх рүү буцаан Казахстаны нийслэл Астана хотод болсон үйл явдал руу анхаарлаа хандуулж үзье. 7 дугаар сарын 5-ны өдөр Астана хотод Хятад, Орос, Узбекстан, Киргиз, Тажикстан, Казахстаны төрийн тэргүүнүүд цугларан ШХАН-ийн дээд хэмжээний уулзалт нээгдсэн. ШХАН үүсэн байгуулагдсан нь  2001 он. Энэ удаа 5 дахь удаагийн уулзалт болж буй бөгөөд хамтарсан тунхаглал нь Цагаан ордныхны хувьд хүчтэй цохилт болохоор зүйл байлаа. “ШХАН-ийн гишүүн орны дотор буй цэргийн бааз болон цэрэг арми байрших хугацаанд лимит тогтоохыг шаардах” гэсэн утгатай юм.

Энэ нь 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш Киргиз, Узбекстанд байрлаж буй Америкийн цэргийг гарч явахыг шаардсан шаардлага гэдэг нь тодорхой болов.

Америкийн засаг захиргааны нэгэн өндөр тушаалтан ШХАН-ийн талаарх болгоомжлолоо ийн илэрхийлсэн байна. “ШХАН юунд хүчин чармайлт гаргая гэж байна вэ. Бид шууд сэтгэлээ цэлмээгээд байхгүй. Тус байгууллагаас үе үе явцуу түгжигдмэл үг яриа гарч байна. Хүйтэн дайны үед болон дэлхийн 2-р дайны дундуур л иймэрхүү block оршиж байсан, одоо бол хэрэгцээ байхгүй байх ёстой”.

Хятад, Оросын 2005 оны зун хийсэн анхны томоохон хэмжээний хамтарсан цэргийн сургууль иймэрхүү болгоомжлолыг бүр хүчтэй болгосон нь маргаангүй. Хамтарсан сургуулийн тухай мэдээллийг авангуутаа АНУ-ын Батлан хамгалаах яамнаас Орос, Хятадад ажиглагчаар  оролцохыг шууд хүссэнд өгсөн хариу нь “nо” байв.

Бүгд Найрамдах намынхны ярианаас үзвэл Америкийн гадаад бодлогын стратегид томоохон нөлөө үзүүлдэг дэд Ерөнхийлөгч Чейни одоо хүртэл энэхүү Хятад Оросын хамтарсан цэргийн сургуулийг эсрэгүүцэж хариу арга хэмжээг илэрхийлэхийг засаг захиргаандаа шаардсаар байгаа ажээ.

10 дугаар сард Рамсфельдийн, 11 дүгээр сард болсон Бушийн Монголд айлчилсан айлчлал дээр өгүүлсэн хэрэг явдлын үргэлжлэлийн дээд цэг болоод байна. Хятад Оросод хийж буй АНУ-ын сөрөг цохилт Монгол руух өнгөлзлөг төдийгөөр тогтохгүй юм.

Евроази тивийн хүйс гэж хэлж болохоор Төв Азид ч улангассан гэмээр сөрөг цохилтыг тооцоолж байна. Түүний шав нь 10 дугаар сарын дундуур АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга К.Райсын Төв Азийн орнуудад хийсэн айлчлал юм. К.Райс Киргиз, Казахстан, Тажикстан 3 улсад айлчлав. Киргизэд хийсэн айлчлалаар тус улсад байрласан АНУ-ын цэргийн баазыг цээжээрээ хамгаалахын тулд Бакиев Ерөнхийлөгчөөс “Америкийн цэргийн баазыг үргэлжлүүлж байлгах” дэмжлэгийг гаргуулж авах явдал хамгийн чухал хүслэн байв.

Киргизийн талтай хийсэн яриа хэлэлцээ амаргүй байсан ч К.Райс ямар ч байсан Бакиев Ерөнхийлөгчийн толгойг нэгэнтээ эргүүлэхэд амжилт олсон билээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйд тусламж үзүүлэхээр амалснаас гадна цэргийн баазын төлбөрөө нэмэгдүүлэх бололцоотойг илэрхийлсэн нь  дээрх шийдэлд хүргэсэн бололтой.

Ерөөс Евроази тивийн шинэ газрын зургийг будах тоглогч нь Америк, Хятад, Оросоор хязгаарлагдахгүй. Одоогийн Монголын хийсэн алхам ч багадахгүй. Ж.Буш Монголд айлчилснаас яг нэг долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжинг зорьж Хятадын төрийн тэргүүн Ху Жинтаотай гар барилцав. 4677 километр хүрэх хоёр улсын хилийн шугамаа зураглан баталгаажуулж, хэдэн зууныг дамнах харилцан тэмцэлдсэн түүхэндээ хэрээс тавихаар тэр ажээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ху Жинтаод “Хятад улстай бүхий л талаар харилцаагаа эрчимжүүлье гэж бодож байна” гэж чихийг нь дэлдэхээ ч мартсангүй. Америк, Хятад, Оросын гадаад бодлогын тоглолт амьсгал дарам шинэ өргөө ийнхүү  хүлээж байна.

Кавашима Казүхарү, FORESIGHT” сэтгүүлийн 2006 оны 1 сарын ¹1 дугаараас (Япон хэлнээс орчуулав)


Сэтгэгдэл үлдээх

баярлалаа

13:28 , 2011-03-13 .. Бичсэн: bilguun (зочин)
танд баярлалаа. японы талаар илүү олон мэдээлэл оруулаарай.
эх сурвалжтай нь хамт байгаа нь их тус боллоо.

{ Сүүлийн хуудас } { 35 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax